Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХУУЛЬЧ ЭРДЭМТДИЙН АНХДУГААР ЧУУЛГАН ЧУУЛАВ.

2017 оны 05 сарын 23

Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар Хууль сахиулахын их сургууль,  Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын хуульчдын холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран 2017.05.23-ны өдөр "Монголын Хуульч эрдэмтдийн анхдугаар чуулган"-ыг зохион байгууллаа.

Тус чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд, Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөлийн дарга Ж.Эрдэнэбат, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, академич С.Нарангэрэл, академич Ж.Амарсанаа болон Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын удирдлагууд, эрдэмтэн, судлаачид оролцлоо.

Хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганыг нээж ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ “Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хууль зүйн болон шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх чиглэлээр тодорхойлсон зорилтуудыг хэрэгжүүлэх асуудлыг авч хэлэлцэх нь энэхүү чуулганы нэг үндсэн зорилго юм. Засгийн газрын үйл ажилгааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлснээр Монгол оронд эрх зүйт төрийг бүрнээ төлөвшүүлэн хөгжүүлэх, хүний эрхийг хангах баталгааг улам бүр сайжруулах, эрх зүйн шинэтгэлийг дэлхийн нийтийн эрх зүйн тогтолцооны болон өөрийн орны хөгжлийн үндсэн чиг хандлагын дагуу гүнзгийрүүлэн хэрэгжүүлэх үйл явцыг хангахад шийдвэрлэх хүчин зүйл байх болно” гэж онцлон тэмдэглэв.

Чуулганд Академич С.Нарангэрэл “Хуульч эрдэмтдийн үүрэг хариуцлага”, Академич Ж.Амарсанаа “Монголын хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг тольдохуй” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд хууль зүйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар эрдэмтэд хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гарлаа.

Манай улсын хууль зүйн шинжлэх ухааны салбарт нийт 185 эрдэмтэн төрөн гарсан байна.