Мэдээ мэдээлэл

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд хонхны баярт хэрэглэх зардлаасаа хандив цуглуулж, нярайн хүчилтөрөгчийн аппарат бэлэглэв.

2016 оны 08 сарын 31

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутнууд хонхны баярт хэрэглэх зардлаасаа хандив цуглуулж, нярайн хүчилтөрөгчийн дөрвөн ширхэг аппарат худалдан авчээ. Түүнийгээ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Хүрээ амаржих газар”-т хүлээлгэн өгөв.

Долоон сая төгрөгийн өртөг бүхий энэхүү аппарат нь дөнгөж төрсөн, амьсгал гүйцэд авч чадахгүй хүндрэлтэй байгаа нярайд дэмжлэг өгдөг төхөөрөмж ажээ. Тус амаржих газарт өдөрт дунджаар 28-30 нярай мэндэлж, 5-6 нярайд төрхийн хүндрэл үүсч энэхүү төхөөрөмж шаардлагатай болдог байна. Мөн 16 инкубатор, дөрвөн халаагч ор тус бүрийн дэргэд нэг хүчилтөрөгчийн аппарат байх ёстой ч таван аппаратын хүрэлцээ муугаас хоёр хүүхдийн дунд нэг аппарат ноогддог байжээ. Харин шинээр дөрвөн аппарат нэмэгдсэнээр хүрэлцээ харьцангуй сайжирна. Тиймээс оюутнуудад талархаж буйгаа “Хүрээ амаржих газар”-ын нярайн тасгийн эрхлэгч Б.Дэлгэрсайхан хэлж байлаа.

Мөн тус амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Цэцэгээ  “Нярай хүүхдийн эмчилгээнд нэн тэргүүнд хүчил төрөгчийн аппарат ашигладаг учраас маш чухал. Ямар ч өвчтэй байсан тархины үйл ажиллагааг нь дэмжихийн тулд хамгийн эхэлж хүчил төрөгчийн аппарат шаардлагатай. Манайд ийм таван аппарат бий. Нэг аппаратыг нэг нярайд ашиглах зориулалттай ч ачаалал ихтэй үед 10 нярайд ашиглах тохиолдол гардаг” хэмээв.

МУИС-Хууль зүйн сургуулийг жил бүр 150 орчим оюутан төгсдөг. Эрх зүйч мэргэжлээр 2014 онд төгссөн оюутнуудын санаачилгаар эхэлсэн энэхүү үйл ажиллагаанд жил бүрийн нийт төгсөгчид хонхны баярт зарцуулдаг зардлаасаа хэмнэж ЭХЭМҮТ, ХСҮТ-д шаардлагатай тоног төхөөрөмжийг нь бэлэглэж байжээ.

Энэ талаар тус сургуулийн төгсөх ангийн оюутан Д.Энхжин  “Манай сургуулийн төгсөх ангийн оюутнууд 2013 оноос хонхны баярын зугаалгын зардлаа хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зориулдаг болсон. Үүний дагуу бид энэ жил нийт 7 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн аппаратыг хоёрдугаар төрхөд бэлэглэж байгаа. Энэ нь нэг талаар хүмүүнлэгийн ажил, нөгөө талаар ашиггүй зардлыг бууруулах аян юм. Үүнд манай сургуулийг төгсч байгаа161 оюутан оролцсон. Маргааш бидний хонхны баяр. Үүнээс өмнө хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна” хэмээн ярилаа.

Олон улсын зарим сургуулийн оюутнууд ч энэ төрлийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулдаг байна. Нэгэн жишээ дурдахад, энэ жил Сербын Пирот хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид төгсөлтийн баярын даашинз костюмаасаа татгалзаж багш нартайгаа хамтран “Чиний 5 хормын жаргал – хэн нэгний амьдралын жаргал” хэмээх аян өрнүүлжээ. Улмаар тэд хоёр настай тархины саажилттай Предрага Потич, 11 настай 7 удаагийн хагалгаанд ороод байгаа Матеи Лазаревич, 5 настай хүнд хагалгаанд ороод удаагүй байгаа Чеды Тошича нарын гурван гэр бүлд хонхны баяраа тэмдэглэх мөнгөө хандивласан байна.

Тиймээс  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөх ангийн оюутнууд бусад их дээд сургуулийн төгсөгчиддөө энэхүү тусламжийн үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулахыг уриалж байлаа.