Мэдээ мэдээлэл

МУИС-ийн хууль зүйн сургуулийн гэрээт багш, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Цэндийн Цогт докторын зэрэг хамгааллаа.

2017 оны 09 сарын 21

Монгол Улсын Их Сургуулийн хууль зүйн сургуулийн гэрээт багш, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Цэндийн Цогтын докторын судалгааны ажлын хамгаалалт Япон Улсын Нагояагийн Их сургуульд 2017 оны 8 дугаар сарын 9-нд болж, 9 дүгээр сарын 6-нд хууль зүйн докторын зэрэг (Doctor of Laws (LL.D.) in Comparative Law and Political Science) олгожээ. 

Ц.Цогт нь 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль (баклавар), 2007 онд АНУ-ын Willamette University College of Law (LL.M) -г төгссөн, 1998 оноос шүүхэд ажиллахын зэрэгцээ 2000 оноос төрлөх сургуульдаа цагын багш, гэрээт багш, 50 хувийн багшаар захиргааны эрх зүй, шүүхийн эрх зүй, клиник сургалтын хичээл зааж ирсэн юм.
Тэрээр Нагояагийн Их сургуулийн The Asian Satellite Campuses Institute (ASCI) –ийн Азийн улсуудын тэргүүлэх мэргэжилтнүүдэд зориулсан докторын хөтөлбөрт (Transnational Doctoral Program for Leading Professionals in Asian Countries) 2014-2017 онд суралцаж, Монгол Улсын захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хөгжил: Захиргааны хяналтаас Шүүхийн хамгаалал руу шилжсэн үү? (Development of Administrative Litigation in Mongolia: From Administrative Control to Court Remedy?) сэдвээр харьцуулсан захиргааны эрх зүйн судалгаа хийж хамгаалсан байна.

Азийн улсуудын тэргүүлэх мэргэжилтнүүдэд зориулсан докторын хөтөлбөр нь зайны сургалтыг уламжлалт танхимын сургалтын хэлбэртэй хослуулан, ажил үүргээ гүйцэтгэхийн хажуугаар Нагояагийн Их Сургуульд очин суралцаж, Японы тэргүүлэх профессоруудаар удирдуулж Докторын зэрэг хамгаалах боломжийг олгодог юм. Энэхүү хөтөлбөрт элсэхэд тухайн салбартаа мэргэшсэн, ажлын өндөр туршлагатай байх, Японы болон гадаад улсын их сургуульд Англи хэл дээр мастерийн зэрэг хамгаалсан байх зэрэг шалгуур тавигддаг байна. Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг (http://asci.nagoya-u.ac.jp/campus/mongolia/) болон Нагояагийн их сургуулийн төлөөлөгчийн газараас авах боломжтой байна.

Ц.Цогтын судалгааны ажлыг цахим холбоосоор болон хэвлэмэл хувиар удахгүй Хууль зүйн сургуулийн номын санд байршуулах юм. Судалгааны ажлын сэдэв, агуулга, товчлол, эх сурвалжийн жагсаалтыг та бүхэнд танилцуулж байна. (Энд-ээс татна уу.)

Монгол улсын хууль зүйн салбарын шинэхэн эрдэмтэн, Монгол Улсын Их Сургуулийн хууль зүйн сургуулийн гэрээт багш, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Цэндийн Цогт Танд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийт хамт олон болон үе үеийн шавь нарын нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдын эрдмийн ажилд тань өндөр амжилт хүсэн ерөөе!