Мэдээ мэдээлэл

МУИС-ийн 2017-2018 оны өвлийн улирлын магистр, докторын төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа боллоо.

2018 оны 01 сарын 22

2018.01.19-ны өдөр МУИС-ийн 2017-2018 оны өвлийн улирлын магистр, докторын төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа боллоо. 2017-2018 оны өвлийн улиралд нийт 210 магистр, 7 доктор төгслөө. Ёслолын үйл ажиллагаанд МУИС-ийн удирдлагууд болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд оролцож төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулав.

75 жилийн түүхтэй МУИС-ийн 73 дахь төгсөлтийн ёслолд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “МУИС-ийн Эрдмийн өргөөний босгыг алхан орсон охид, хөвгүүд та бүхэн өнөөдөр Их сургуулийн ахисан түвшний дээд боловсрол эзэмшсэн дипломоо гардан авах гэж байна. Монгол түмний бахархал болсон ууган их сургууль нь Монгол Улсын хөгжил дэвшлийн тулгуур болж Азийн 100 шилдэг их сургууль болох эрхэм зорилгыг дэвшүүлсэн. Эрхэм зорилго биелэлээ олох илэрхийллийн нэг гол шалгуур нь үе үеийн төгсөгчид төдийгүй та бүхэн билээ. МУИС-ийн сургалтын хөтөлбөрийг дэлхийн түвшинд хүргэж, оюутанд өргөн сонголтыг бий болгох оюутан төвтэй сургууль болох стратегийн зорилтыг хэрэгжүүлж байгаа нь салбар, салбарын тэргүүлэх мэргэжилтнийг бэлтгэх, төгсөгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чухал суурь болж байна. Үүний нэг тод жишээ бол зарим чиглэлээр оюутнууд олон улсын, нэр хүнд бүхий байгууллагын магадлан итгэмжлүүлсэн хөтөлбөрөөр суралцан төгсөж байна” гээд нийт төгсөгчдөд амжилт, бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөв.

МУИС-ийн нийт төгсгөчдийг төлөөлөн Хууль зүйн сургуулийн доктор М.Уянга хүндэт индрээс үг хэлсэн бөгөөд МУИС-ийн нэр хүндийг өндөрт өргөн ажиллахаа илэрхийллээ.

МУИС-ийн 2017-2018 оны өвлийн улиралд Хууль зүйн сургуулийг 1 доктор, 51 магистр дүүргэлээ. 

Нийт төгсөгчиддөө сайн сайхныг хүсэж, цаашдын эрдмийн ажилд нь өндөр ажилт хүсье!