Мэдээ мэдээлэл

МУИС-ийн ХЗС-ийн баг шүүхийн мэтгэлцээний олон улсын тэмцээнд шагналт байр эзэлжээ.

2018 оны 03 сарын 12

             Олон Улсын Улаан загалмайн хороо, Хонг Конгийн улаан загалмай нийгэмлэг, Хонг Конгийн их сургууль хамтран зохион байгуулдаг Ази-Номхон Далайн орнуудын Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний 16-р тэмцээн 2018 оны III/06-наас III/10-ны өдрүүдэд Хонг Конг хотод зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд дэлхийн шилдэг 100-н их сургуулийн жагсаалтад багтдаг Бээжингийн их сургууль (#27), Хонг Конгийн Их Сургууль (#40), Токиогийн Их Сургууль (#46), Австралийн Нью Саут Валийн Их Сургууль (#85) зэрэг Ази-Номхон далайн бүсийн 21 улсын 25-н их сургуулийн шилдэг багууд өрсөлдлөө.

          Энэ удаагийн тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг прокурорын талаас гаргасан тайлбараараа 3-р байр эзэлж, анх удаа шагналт байранд шалгарч, амжилтын гараагаа эхлүүлж байна. МУИС-ийн багт Хууль зүйн сургуулийн эрх зүйн оройн хөтөлбөрийн 2-р ангийн оюутан Б.Мягмардорж, Г.Энх-Амгалан, олон улсын эрх зүйн 4-р түвшний оюутан Б.Итгэл, 3-р түвшний оюутан А.Мандуул нар оролцож, дасгалжуулагчаар МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор, доктор Д. Гангабаатар ажилласан байна. 

           Уг шүүхийн мэтгэлцээний тэмцээн нь Олон улсын гэрээ, конвенц, тэдгээр дээр үндэслэж гарсан Олон улсын эрүүгийн шүүхийн болон бусад шүүхийн шийдвэрийг өгөгдсөн кейс дээр хэрэглэх байдлаар явагддаг. Ингэснээр оюутны кейс болон түүнд холбогдох хуулийн зохицуулалтыг судлах, анализ хийх, үндэслэл бүхий гаргалгаагаа шүүгчдийн өмнө илтгэж, мэтгэлцэх ур чадварыг хөгжүүлэх зорилготой. Шүүхийн мэтгэлцээний тэмцээний оролцоо, эзэлсэн байр суурь нь гадаад улсуудад хуулийн сургуулийн чансааг тогтооход чухал үзүүлэлт болдог байна. Тэмцээнд амжилттай оролцсон багийн гишүүд болон дасгалжуулагч багш нарт МУИС-ийн ХЗС-ийн нийт хамт олны өмнөөс талархал илэрхийлж, халуун баяр хүргэе.