Мэдээ мэдээлэл

Академич С.Нарангэрэл Японы Нагояагийн Их Сургуульд лекц уншив.

2018 оны 06 сарын 04

МУИС-ийн Эмирит профессор, академич С.Нарангэрэл 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Японы Нагояагийн Их Сургуулийн ахисан түвшний (Graduate School) Хууль зүйн сургуульд “Монгол Улсын эрх зүйн түүхэн хөгжил ба эрх зүйн хамтын ажиллагаа” сэдвээр, 2018 оны 05 дугаар сарын 30-нд мөн сургуулийн Боловсрол ба Хүний хөгжлийн сургуульд (Graduate School of Education and Human Development) “ Боловсролын уламжлал ба үзэл суртал” сэдвээр лекц уншив.

Эдгээр лекцийн сонсогчид нь профессор, магистрант, докторантууд байжээ. Мөн академич С.Нарангэрэл Нагояагийн ИС-ийн харьяа ахлах сургуулийн сурагчдын 2018 оны зуны Монгол улсад аялах хөтөлбөрт оролцогчдод болон Нагояагийн ИС-д суралцаж буй Монголын магистрант, докторантуудад лекц уншив.

Академич С.Нарангэрэлийг Японы Нагояагийн их сургуулийн ерөнхийлөгч Мацүо урьж уулзан, хоёр их сургуулийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд

түүний оруулсан хувь нэмрийг өндөр үнэлжээ.

Академич С.Нарангэрэлтэй Нагояагийн ИС-ийн Азийн эрх зүйн солилцооны төв (CALE-Center for Asian Legal Exchange)-ийн захирал Кокүбүн, Нагоягаийн ИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Сүзүки болон урьд өмнө нь эдгээр албан тушаалд ба олон жил хамтран ажилласан Сабури, Сүшүра, Айкёо, Ичихаши, Исода, Обата, Окүда, Обата, Шибата, Уэда, Накамура нарын зэрэг японы олон профессор-багш нар уулзаж, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцов.

Академич С.Нарангэрэл 1990-ээд оны сүүлчээс Японы Нагояагийн ИС-ийн профессоруудтай хувийн харилцаа холбоо тогтоосноор МУИС, АШУҮИС, ШУТИС, БИС, Нагояагийн их сургуулиуд албан ёсоор хамтран ажиллах болжээ.

МУИС-ийн эмирит профессор С.Нарангэрэл 2004 онд Японы эзэн хааны ивээлд багтдаг тус сургуульд зочин профессороор ажиллаж, улмаар 2005 онд Нагояагийн Их Сургуулийн эрдмийн зөвлөл түүнд “Хүндэт доктор”-ын зэргээ хүртээсэн юм. Нагояагийн Их Сургууль нь Япон улсаас нобелийн шагнал хүртсэн эрдэмтдээрээ Япондоо тэргүүлдэг ажээ.

 

 

Мэдээ бэлтгэсэн Д.Булган