Мэдээ мэдээлэл

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Зөвлөх профессор С.Нарангэрэлд МУИС-ийн Эмирет профессор цол олгох ёслолын ажиллагаа боллоо.

2018 оны 11 сарын 03

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, академич С.Нарангэрэлд “МУИС-ийн эмерит профессор” цол хүртээв. 

2018.11.02-ны өдөр Академич С.Нарангэрэлд МУИС-ийн эмерит профессорын энгэрийн тэмдэг, диплом, өмсгөлийг гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Эмирет профессор цолыг 2015 онд буй болгосон бөгөөд  МУИС-ийн хүндэт цол олгох журамд заасны дагуу МУИС-ийн профессор, дэд профессор цолтой, тус сургуульд 20-оос доошгүй жил профессорын албан тушаалд ажилласан, шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэх үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтэнд олгодог дээд цол юм.

Академич С.Нарангэрэл нь МУИС-д 43 жил багшилж, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 10 гаруй жил удирдсан. Тэрбээр монголын хууль зүйн шинжлэх ухаанд их үнэ цэнэтэй хувь нэмэр оруулж, зарим бүтээл нь англи, орос, хятад, герман, япон хэлнээ хэвлэгдсэн ба түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж, монголын хуульч-эрдэмтийн дундаас анх удаа 2000 онд  ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгожээ. Мөн Япондоо хамгийн олон Нобелийн шагналтнуудыг төрүүлэн гаргасан Японы Нагояагийн Их Сургуулийн эрдмийн зөвлөл 2005 онд академич С.Нарангэрэлд хүндэт докторын цол хүртээжээ.Эмерит профессорт МУИС-ийн дэд бүтцийг ашиглан эрдэм шинжилгээний бие даасан санхүүжилттэй дотоод, гадаадын төсөл хэрэгжүүлэхэд ямар нэгэн хязгаарлалт тогтоохгүй бөгөөд гадаадад эрдэм шинжилгээний хуралд оролцоход сургуулиас санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хоёр жилд нэг удаа мөнгөн тусламж олгох, сургуулийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд урих зэрэг ивээл дэмжлэг үзүүлдэг ажээ.