Мэдээ мэдээлэл

Монгол Улсын гавьяат хуульч Ц.Сарантуяа Б.Чимидийн нэрэмжит шагнал хүртлээ

2021 оны 07 сарын 09

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах долоо дахь удаагийн ёслол өнөөдөр /2021.07.09/ Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.

Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гэрээт профессор Цэрэнбалтавын Сарантуяа “Үндсэн хуулийн процессийн эрх зүй: Суурь ойлголт, тулгамдсан асуудал” бүтээлээрээ Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг хүртлээ. 

Тэрбээр шагнал хүртсэн бүтээлийнхээ талаар “Үндсэн хууль бол оройдоо залаад орхидог баримт бичиг биш. Үндсэн хууль бол ширээний чимэг төдий хууль биш. Үндсэн хууль бол бид бүхний амьдралд өдөр тутам хэрэгждэг байх ёстой хууль юм” гэдгийг онцлон тэмдэглээд Үндсэн хуулийг шүүхийн журмаар хамгаалах асуудалд  судалгаа, харьцуулалт хийж, Монгол Улсад хэрэг болохуйц дүн шинжилгээнүүдийг хийхийг зорьсон хэмээж байлаа.

Эрхэм хүндэт багш, доктор, профессор Ц.Сарантуяад МУИС-ын Хууль зүйн сургуулийн нийт багш, ажилтан, болон шавь нарын нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд тань өндөр амжилт хүсэн ерөөе!