Мэдээ мэдээлэл

Олон Улсын Хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг амжилттай зохион байгууллаа

2021 оны 12 сарын 13

МУИС-ийн Хууль зүйн сургууль нь Олон Улсын Улаан Загалмайн хороо болон Монголын Улаан Загалмай Нийгэмлэгтэй хамтран Олон Улсын Хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг амжилттай зохион байгуулж байна.

Тус тэмцээнийг эхлүүлэхээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа үг хэлэв. Тэрбээр, Юуны өмнө Олон Улсын Хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн үлгэрчилсэн мэтгэлцээнд сургуулиа төлөөлөн оролцохоор шалгарч ирсэн нийт багууддаа болон бидний урилгыг хүлээн авч мэтгэлцээнийг шүүхээр ирсэн хүндэт зочин шүүгчид та бүхэнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндийг хүргэе.

Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн үлгэрчилсэн мэтгэлцээн анх 2003 онд Хонконгт зохион байгуулагдаж байсан бөгөөд 2015 оноос эхлэн Монгол улсын Дотоодын их дээд сургуулиудын дунд зохион байгуулагдаж эхэлсэн. Өдгөө тус тэмцээнийг Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Олон Улсын Улаан Загалмайн Хороо хамтран 7 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Ковид-19 цар тахлын улмаас өмнөх мэтгэлцээнийг цахимаар зохион байгуулж байсан бол энэ удаагийн мэтгэлцээнийг бид халдвар, хамгааллын дэглэмээ чандлан баримтлаж танхимаар зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн мэтгэлцээнд Дотоодын хуулийн 8 (МУИС-Хууль зүйн сургууль, Их засаг их сургууль, Шихихутаг дээд сургууль, Отгонтэнгэр их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Орхон их сургууль, Сити их сургууль) их сургууль, нийт 16 баг бүртгүүлсэнээс үзвэл энэ тэмцээний цар хүрээ улам тэлж, оюутан залуусын идэвхи, оролцоо, ур чадвар сайжирч байгааг илтгэж байна. Оюутнууд  тус тэмцээнд оролцсоноор Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэхээс гадна, хууль зүйн Англи хэл, судалгааны болон илтгэх ур чадвараа хөгжүүлэх өргөн боломжтой бөгөөд Үндэсний  тэмцээнд ялсан баг Ази-Номхон далайн бүсийн улсуудын дунд зохиогдох тэмцээнд оролцох эрхийг олж авах болно. Түүнчлэн түрүүлсэн багийн бүх зардлыг дааж Хонконгт болох Ази-Номхон далайн бүсийн Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн мэтгэлцээний тэмцээнд улсаа төлөөлөн оролцох боломжийг оюутнууддаа олгодог нь энэ тэмцээний онцлог билээ.

 Ингээд Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн үлгэрчилсэн Дотооодын их дээд сургуулиудын 7 дахь мэтгэлцээнийг  албан ёсоор нээж байгааг мэдэгдье. Та бүхэнд амжилт хүсье.