Мэдээ мэдээлэл

Т.Саруултөгсөд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийт багш, оюутнуудын өмнөөс талархал илэрхийлж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе!

2017 оны 05 сарын 18

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан охин тавдугаар сарын 15-ны орой 21:00 цагийн орчимд "Налайх-Багшийн дээд" гэсэн маршрутын автобусанд зорчиж явахдаа нэгэн бүсгүй их хэмжээний мөнгөө гээхийг хараад, олоход нь тусалсан байна.

Иргэнийхээ үүргийг гүйцэтгэн сайхан сэтгэлээр бусдад тусалсан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 3-р түвшний оюутан Т.Саруултөгсөд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийт багш, оюутнуудын өмнөөс талархал илэрхийлж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе!

 

 

-Өөрийгөө манай уншигчид танилцуулна уу.

-Намайг Т.Саруултөгс гэдэг. Би МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гуравдугаар курсийн оюутан.

- Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Тухайн өдөр /2017 оны тавдугаар сарын 15-ны өдөр/ би 21:00 цагийн орчимд “Налайх-Багшийн дээд” чиглэлийн автобусанд суугаад гэр рүүгээ явж байсан юм. Автобус ч бага хүнтэй байсан. Нэг эгч буухдаа мөнгөө цувуулаад хаясаар буусан юм билээ. Би тэр эгчээс ганц хоёр сандлын цаана сууж байсан болохоор сайн хараагүй. Гэтэл нэг залуу нөгөө эгчийн цувуулж хаясан мөнгийг цуглуулж, суудал дээрээ орхиод буусан мөнгийг нь аваад автобуснаас буучихсан. Тэр залуутай ойрхон сууж байсан бүсгүй "Энэ залуу их хэмжээний л мөнгө аваад буучихлаа даа" гэж надад хэлсэн. Би тухайн үед хэдэн төгрөг байсныг нь ч мэдээгүй.

-Тэгээд юу болсон бэ?

-Мөнгө бөөгнүүлж аваад автобуснаас буусан залуу тэр автобусанд найзтайгаа хамт явсан юм. Тэгэхээр нь би нөгөө залуугийн утсыг хамт явсан найзаас нь аваад “Би чамайг Налайх дүүргийн цагдаад тэмдэглүүлсэн. Хүний мөнгийг авчирч өгөөрэй” гээд “Эзэнд нь мөнгийг нь өгөхгүй бол чи Эрүүгийн хуулийн 151.1-д зааснаар гэмт хэрэгтэн болно" гэж ярьж өгсөн.

Би хуулийн ангийн оюутан болохоор нөгөө залууд зөндөө тайлбарлаж хэлсэн. Ингээд нөгөө залуу ч тэр өдрөө Налайх дүүргийн цагдаагийн газарт автобуснаас авч буусан мөнгөө авчирч өгсөн.

-Хэдий хэмжээний мөнгө авчирч өгсөн байна?

-Тэр залуу 240 мянган төгрөг авчирч өгсөн. Би болсон явдлыг цагдаад тэмдэглүүлчихээд тэнд найзтайгаа хамт нөгөө залууг хүлээж байсан юм.

Би тухайн өдрийнхөө орой болсон явдлыг цагдаад тэмдэглүүлчихээд өөрийнхөө фэйсбүүкт болон фэйсбүүкийн “Бидэнд тохиолдсон хүндхэн хөгтэй явдал” группт автобусанд хамт явсан эгчийн хэлснээр "Их хэмжээний мөнгө гээсэн хүн байвал Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс ирж авна уу" гэж нийтлэсэн. Азаар мөнгөний эзэн ч олдож, надтай холбогдсон.

Мөнгөний эзэн хэдэн төгрөгөө автобусанд хаяж буусан гэсэн бэ?

-Тэр эгч цалингаа авчихаад л явж байсан юм билээ. Тэгэхээр дундаж цалингийн хэмжээтэй дүйцэхүйц мөнгө байсан гэж хэлсэн. Мөнгөө гээсэн эгч хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэж байгаа учир ирэх долоо хоногт Налайх дүүргийн цагдаагийн газраас мөнгөө очиж авна гэсэн.

 

Эх сурвалжийг www.eagle.mn-ээс ашиглав.