Эрхэм хүндэт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн бакалавр, магистр хөтөлбөрийн оюутан, суралцагч болон тус сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтан та бүхэнд тус сургуулийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж эхлэх хамтын ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж байна.
МУИС-ийн Хууль зүйн сургууль болон БНХАУ-ын Улс төр, Хууль зүйн шинжлэх ухааны Зүүн Хятадын Их Сургууль (East China University of Political Science and Law, ECUPL) хооронд хамтын ажиллагаа тогтоох тухай гэрээг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдлаа. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа болон ECUPL их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн захирал, Олон улсын солилцооны төвийн эрхлэгч доктор, профессор Wu Qiaofang нар гарын үсэг зурж, хамтын ажиллагааны гэрээ хүчин төгөлдөр боллоо. ECUPL их сургууль нь БНХАУ-ын улс төр, хууль зүйн шинжлэх ухааны чиглэлийн их сургуулиудын дунд 2023, 2024, 2025 оны Shanghai Ranking-ийн үнэлгээгээр 2 дугаарт эрэмбэлэгдсэн байна
Энэхүү хамтын ажиллагааны гэрээ нь олон улсын академик солилцоог бэхжүүлэх, хоёр их сургуулийн судалгаа, сургалтын түвшинг дээшлүүлэх зорилгоор 5 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд дараах 5 чиглэлд хамтран ажиллах юм. Үүнд:
Энэхүү хөтөлбөрт хамрагдах бакалавр болон магистр түвшинд суралцаж буй оюутан нь өөрийн харьяалж буй их сургуульд хичээлийн нэг бүтэл жилийн хугацаанд суралцсан байх, хүлээн авагч сургуульд суралцахад шаардагдах гадаад хэлний шаардлага хангахуйц мэдлэгтэй байх зэрэг шаардлагатай. Тус хөтөлбөрийн дагуу хичээлийн нэг жилд дээд тал нь хоёр хүртэлх оюутан хүлээн авах бөгөөд суралцагч оюутан нь хүлээн авагч их сургуульд сургалтын төлбөр болон бусад хураамжийг төлөхөөс чөлөөлөгдөх боловч өөрийн харьяалагдаж буй их сургуульд сургалтын төлбөр болон бусад хураамжийг төлөх үүргийг хүлээх юм. Хөтөлбөрт хамрагдаж буй оюутан нь тухайн улсад суралцах хугацааны хувийн зардлыг өөрөө хариуцах юм. Түүнчлэн, солилцооны хөтөлбөрийн хүрээнд судалсан хичээлийн кредит цагийг өөрийн харьяалж буй их сургуульд цуглуулбал зохих кредит цагт дүйцүүлэн тооцуулах боломжтой юм.
Багш, судлаачдын солилцооны хөтөлбөр
Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих багш, эрдэм шинжилгээний ажилтан солилцооны хүрээнд хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, хамтарсан судалгааны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, богино хугацааны багш, эрдэм шинжилгээний ажилтны солилцоо, зочин багш, судлаачийн хөтөлбөрийг илгээхэд талууд харилцан тохирч, хамтран хэрэгжүүлэх юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн бакалавр сургалтын өдрийн ангийн хөтөлбөрт эхний хоёр жилийг амжилттай дүүргэсэн оюутны хувьд ECUPL их сургуулийн Олон улсын худалдааны эрх зүйн бакалаврын хөтөлбөр (International Commercial Law Programm, LLB)-т суралцах өргөдөл гаргах эрхтэй бөгөөд амжилттай суралцаж төгссөн тохиолдолд ECUPL сургуулийн Олон улсын худалдааны эрх зүйн хөтөлбөрийн бакалаврын зэрэг авах боломжтой юм. Тус хөтөлбөрт суралцагч оюутан нь хүлээн авч буй тухайн сургуульд сургалтын төлбөр болон бусад шаардлагатай төлбөр, хураамжийг төлнө. Хөтөлбөрийн хүрээнд тухайн их сургуульд судалсан хичээлийн кредит цагийг өөрийн харьяалж буй их сургуульд цуглуулбал зохих кредит цагт дүйцүүлэн тооцуулах боломжтой юм.
Энэхүү хөтөлбөрийн дагуу хүлээн авагч их сургуульд тухайн хичээлийн жилд солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын тоо хүлээн авах боломжит тооноос хэтэрсэн бол оюутан өөрийн хүсэлт болон өөрийн зардлаар тухайн улсад суралцах боломжийг олгох юм.
Энэ хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль болон ECUPL их сургууль хамтран эрх зүйн чиглэлээр суралцаж буй оюутан болон тус чиглэлээр ажиллаж буй мэргэжилтэн нарт зориулсан зуны болон өвлийн сургалтын хөтөлбөрийг хамтран боловсруулах, хэрэгжүүлэх зэрэгт хамтран ажиллах юм.
Эрхэм хүндэт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн бакалавр хөтөлбөрийн оюутан, магистр хөтөлбөрийн суралцагч болон тус сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтан та бүхнийг МУИС-ийн Хууль зүйн сургууль болон БНХАУ-ын Улс төр, Хууль зүйн шинжлэх ухааны Зүүн Хятадын Их Сургууль (East China University of Political Science and Law, ECUPL) хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийг дэмжин, идэвхтэй хамрагдахыг хүсэж байна.
МУИС-ийн Хууль зүйн сургууль