Мэдээ мэдээлэл

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН БАГ АЗИ КАП ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН (2026)-Д ОРОЛЦОВ.

2026 оны 09 сарын 03

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН БАГ АЗИ КАП ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН (2026)-Д ОРОЛЦОВ.

 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг (эрх зүйн 5 дугаар түвшний оюутан Ө.Сувд-Эрдэнэ, Д.Сэлүн, Н.Мөнхнаран, А.Номинзаяа) Ази Кап олон улсын эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээний хоёрдугаар шатанд шалгаран оролцлоо. Энэ жил эхний шатанд нийт 80 гаруй баг бичгэн тайлбар (memorial/counter-memorial) илгээснээс хоёрдугаар шатанд 16 баг шалгарсны нэг нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг юм.

Тэмцээний энэ шат 2026 оны 8 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотод Нэгдсэн Үндэстний байгууллагын их сургууль дээр зохион байгуулагдав.

  

1999 оноос хойш зохион байгуулагдаж буй “Ази Кап/Asia Cup” олон улсын эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээн нь Азид “Эрх зүйт ёс”(Rule of Law)-ыг тогтооход хувь нэмэр оруулна гэсэн уриатай Азийн шилдэг их сургуулиуд оролцдог олон улсын эрх зүйн чиглэлийн бүс нутгийн томоохон тэмцээнүүдийн нэг бөгөөд бүс нутгийн оюутнуудын олон улсын эрх зүйн кэйст нэхэмжлэгч, хариуцагчийн үүднээс үндэслэл бүхий тайлбар бичих, НҮБ-ын Олон улсын шүүх (ICJ)-ийн өмнө амаар мэтгэлцэн дээрх талуудын байр суурийг хамгаалах ур чадварыг хөгжүүлэх замаар салбарын шилдэг мэргэжилтэн бэлтгэхэд дэм болох зорилготой. Уг тэмцээний зохион байгуулагчаар Япон Улсын Гадаад харилцааны яам, Японы Олон улсын эрх зүйн холбоо ажилладаг.

Энэ жил хоёрдугаар шатанд Сингапур, Филлиппин, Тайланд, Малайз, Вьетнам, Индонез, Япон, Солонгос, Монгол, Иран, Бангладеш, Непал, Энэтхэг, Шриланк, Пакистан улсуудын баг шалгаран оролцов.  Уг шатанд нэхэмжлэгчийн талаас МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг Япон улсын Васеда их сургуулийн багтай, хариуцагчийн талаас Энэтхэг улсын Симбиосис Интернэшнл их сургуулийн багтай тус тус тоглов.

Тэмцээний кэйс нь (Case Concerning the Transfer of Cloud Infrastructure Business (Arcadia v. Raguna)) нь критикал дэд бүтэц (critical infrastructure)-ийн нэг болох үүлэн тооцооллын бизнес (cloud infrastructure business)-т гарсан кибер халдлага, гадаадын хөрөнгө оруулалтын хамгаалалт ба хураан авалт (expropriation), аюулгүй байдлын нэрийн дор улсаас авсан арга хэмжээний хууль ёсны байдал, зөвтгөгдөх онцгой тохиолдол (exception), FCN гэрээг тайлбарлан хэрэглэх зэрэг олон улсын эдийн засгийн эрх зүйн гол асуудлуудыг хамарсан.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багийн дасгалжуулагчаар Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Э.Туулайхүү ажиллаа. Энэ дашрамд оюутнуудын бэлтгэлд тусласан олон улсын эрх зүйн хөтөлбөрийн төгсөгч Батжаргалын Ариунзаяа, Өсөхбаярын Намуунбаяр нарт талархал илэрхийлье.

 

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ