2016.09.17-ны өдөр “Монголын хууль тогтоомжийн нийгэмлэг” ТББ-аас МУИС-ийн Хууль зүйн сургууль, Япон сантай хамтран “Монгол Улс, Япон Улсын хууль тогтоомжийн хөгжил, бизнест үзүүлэх нөлөө” сэдэвт хурлыг амжилттай зохион байгууллаа.
Тус хурлыг нээж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал док, проф Ж.Эрдэнэбулган хэлсэн үгэндээ “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр” хоёр орны парламент соёрхон баталж, хэрэгжиж эхлээд байгаа цаг үед болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой. Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын хувьд анхны хоёр талт чөлөөт худалдааны хэлэлцээр бөгөөд энэхүү хэлэлцээрийг хэрхэн хэрэгжүүлэх, хэрхэн эрх зүйн дэг журмынхаа талаар мэдээлэл солилцох зэрэг асуудал нь анхаарал татсан сэдвийн нэг болоод байна. Энэ утгаараа Монгол болон Японы эрдэмтэн судлаачид, практик хуульчид энэ мэдээллийн орон зайг тодорхой хэмжээгээр нөхөх, сэргээн сануулах зэрэг нь энэхүү хурлын зорилго” гэдгийг онцлон тэмдэглэв.
Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдээс дурдвал Японы Фукуокагийн их сургуулийн профессор Минова Ясухиро “Япон Улс дахь бизнесийн эрх зүйн ойлголт: Иргэний хууль болон Худалдааны хуулийн жишээн дээр”, МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхмийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Амарсанаа “Монгол Улсын иргэний, худалдааны хууль тогтоомжийн онцлог, сүүлийн үеийн чиг хандлага”, Кобэ Гакуин их сургуулийн зочин багш, өмгөөлөгч Ока Хидео “Япон, Монголын хоорондох Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр: Япон Улсын гаалийн татварын ойлголт”, МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхмийн ахлах багш М.Уянга “Монгол Улсын гадаад худалдааны эрх зүйн орчин: Бараа, үйлчилгээний импортын зарим асуудал”, МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхмийн багш, доктор С. Болормаа “Монгол Улсын Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн зохицуулалт, өөрчлөлт шинэчлэлийн зарим асуудал”, Осака, Киотогийн дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч асан, өмгөөлөгч Ёшино Такаёши “Япон улсын шүүхийн тогтолцоо ба сүүлийн үеийн шинэчлэл”, Ананд адвокатс хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч Н.Энхцэцэг “Монгол Улсын шүүх, арбитрын тогтолцоо ба иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, гадаадын этгээдийн анхаарах асуудал, сүүлийн үеийн хандлага”, Нагояагийн их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн дэд профессор, доктор Ямамото Сатоши “Бизнес ба хүний эрх: НҮБ-ын Ерөнхий зарчим, түүний Япон улс дахь нөлөө” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Оролцогчид хоёр орны эрх зүйн орчны талаар мэдээлэл солилцох нь ач холбогдолтой байгаагаас гадна Монгол Улсад худалдааны эрх зүйг хөгжүүлэх шаардлагатай байгааг талаар саналаа хэлж байлаа.