Нийгэмд шударга ёсыг тогтоох явдал хуульчдын ариун үүрэг. XX зууны үед Монгол Улсад хууль зүйн тусгай дунд боловсролтой мэргэжилтнийг олноор бэлтгэж, тэд хуулийн байгууллагын албан хаагчдын дийлэнхи олонхийг бүрдүүлэх болсон. Энэ үед хууль зүйн дээд боловсролтой мэргэжлтнийг гадаадад бэлтгэж байсан. Монгол Улсын нийгмийн хөгжил дэвшил, дээд боловсролтой мэргэжлийн хуульчдыг эх орондоо сурган бэлтгэх зайлшгүй эрэлт хэрэгцээг буй болгосон юм.
Монгол Улсын дээд боловсрол, шинжлэх ухаан, соёлын ууган гал голомт болсон МУИС-д хуулийн анги нээх тухай шийдвэрийг МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолооор 1957 онд гаргаж энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхээд сургалтын төлөвлөгөө ба хичээлийн хөтөлбөр боловруулан батлуулах, багш нарыг шилж сонгох, дадлагажуулах, хичээлийн анги танхим, кабинет лаборатори байгуулан тохижуулах, сургалтын техник хэрэгслийг бүрдүүлэх, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт цаг хугацаа ихээхэн шаардагджээ.
Ийнхүү 1960 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр МУИС-ийн Нийгмийн Ухааны Факультетийн дэргэд хуулийн анги анхны хичээлээ эхэлж байсан бол 1970-аад онд хуулийн салбар болж, улмаар 1993 онд Хууль зүйн факультет, 1994 онд Хууль зүйн сургууль болон өргөжин хөгжиж эдүгээ хүрсэн байна.
Монгол Улсад зах зээлийн эдийн засаг хөгжиж, өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрөх болсноор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зэрэгцээ хувийн хууль зүйн сургуулиуд олноор үүсэн байгуулагдсан ч МУИС-ийн Хууль зүйн сургууль тэргүүлэх байр сууриа урьдын адил хэвээр хадгалсаар байна. Өнөөгийн нөхцөлд манай улсын хууль зүйн их, дээд сургуулиудын чанар чансааг тодорхойлох шалгуур нь хуульчдын сонгон шалгаруулалт бөгөөд тус сургуулийн төгсөгчид эхний байрыг жил бүр эзэлсээр байгааг дурьдах нь зүйтэй.