2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд Солонгосын Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын Хууль зүйн үндэсний хүрээлэн, Солонгосын Күүкмин их сургуулийн Хууль зүйн сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран “Солонгос-Монгол Улсын эрх зүйн өөрчлөлт шинэчлэл, түүний үнэлэлт дүгнэлт, цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.
Хурлыг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Э.Батбаяр хэлсэн үгэндээ хоёр улсын хамтын ажиллагаа өргөжиж байгааг дурдаад Монгол, Солонгос Улсын Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн харилцаа олон жил тогтмол, үр дүнтэй үргэлжилж эрх зүйн шинэтгэлийн хүрээнд цаашдын хамтран ажиллах ажил их байгааг онцоллоо.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Эрх зүйн шинэтгэлийн газрын дарга Т.Бат-Өлзий “Манай улс эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Солонгос Улсын туршлагаас судлах, хамтран ажиллах чиглэлд ач холбогдол өгч ажилладаг. Хууль тогтоомжийн тухай хуулийг боловсруулах явцад Солонгос Улсаас туршлага судалж хэд хэдэн зүйлийг хуульд тусгасан байдаг. Цаашид эрх зүйн шинэтгэлийн хүрээнд үр дүнтэй хамтран ажиллах болно” хэмээсэн юм.
Тус олон улсын эрдэм шинжилгээний хурал “Захиргааны шүүхийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Захиргааны эрх зүйн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Олон улсын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Хууль эрх зүйн шинэчлэл ба нийгмийн хөгжлийн зорилт” зэрэг 4 салбар хуралдаан хийсэн бөгөөд “Хойд Солонгосын хүний эрхийн эрх зүйн тогтолцооны тулгамдсан асуудал, дүн шинжилгээ”, “Гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага: Монгол дахь Солонгосын хөрөнгө оруулалт” гэсэн хоёр тусгай илтгэлийг хэлэлцүүлэв.
Хуралд Монгол Улсын талаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндсэн хуулийн цэц, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн ерөнхий зөвлөл, Захиргааны хэргийн шүүх, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төлөөлөл, Солонгос Улсын талаас Хууль зүйн яам, Солонгосын Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүх, Прокурор, Солонгосын хүний эрхийн комисс, Күүкмин их сургуулийн төлөөлөл тус тус илтгэл хэлэлцүүлэн оролцлоо.