Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Монголын хууль тогтоомжийн нийгэмлэг ТББ хамтран Япон сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 9 дүгээр сарын 16-нд “МОНГОЛ УЛС, ЯПОН УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХӨГЖИЛ: ХУДАЛДАА (АРИЛЖАА)-НЫ ЭРХ ЗҮЙ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. ХБНГУ, Франц, Солонгос, Япон гэх мэт эх газрын эрх зүйн тогтолцоотой бүх орнууд Иргэний хуулиас гадна бие даасан Арилжаа (Худалдаа)-ны төрөлжсөн хуулийг батлан хэрэгжүүлж иржээ. Энэ хууль нь гэрээ, хэлцэл шуурхай, маргаан багатай хийгдэх, аж ахуй эрхлэгчдийн эдийн засгийн ашиг сонирхлыг зохистой байдлаар хангах гэх мэт олон ач холбогдолтой байдаг нь бусад улсын туршлагаас харагддаг.
Тиймээс энэхүү туршлагыг судлахаар Япон Улсын Худалдаа (арилжаа)-ны төрөлжсөн хуулийн онцлог, Иргэний хууль болон бусад хуультай уялдах байдал, түүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, шүүхийн практикийн талаар болон Монгол улсын Иргэний хууль дахь аж ахуй эрхлэгчийн тухай ойлголт, компани, дампуурал, өрсөлдөөн, бүртгэлийн эрх зүйн зохицуулалтын талаар Япон, Монгол Улсын их сургуулиудын профессор, шүүгч, өмгөөлөгч, судлаачид илтгэл хэлэлцүүлсэн юм. Зохион байгуулагчдын зүгээс тус хурлын илтгэлүүдийг удахгүй хэвлэмэл хэлбэрээр гаргах юм байна.