Мэдээ мэдээлэл

“Олон улсын худалдааны арбитр, бизнесийн хэлцлийн тэмцээн”-д оюутнууд амжилттай оролцлоо

2017 оны 12 сарын 03

Япон Улсын хуулийн сургуулиудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Олон улсын худалдааны арбитр, бизнесийн хэлцлийн тэмцээн” (Intercollegiate Negotiation Competition) 16 дахь удаагаа тус улсын нийслэл Токио хотноо 2017 оны арваннэгдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд болж өнгөрлөө.

Энэхүү тэмцээн нь 2002 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд анх удаа Монгол Улсаа төлөөлөн Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Олон улсын эрх зүйн 5-р түвшний оюутнууд болох Б.Өсөхбаяр, Б.Амарбат, И.Балжинням, Э.Цэлмэг нар оролцсон юм.

Тус тэмцээнд Япон, Австрали, Сингапур, Хонг Конг, Монгол Улсын нийт 24 их сургуулийн 60 багийн 260 гаруй оюутнууд мэдлэгээ сорин өрсөлдсөнөөс 1-р байрт Япон улсын Киотогийн их сургуулийн баг, 2-р байрт Австрали улсын баг, 3-р байрт Токиогийн их сургуулийн баг шалгарсан бол Монгол Улсын баг нийлбэр дүнгээр 60 багаас 22-р байрт шалгарав. Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн баг эхний шатанд Япон улсын Васэдагийн их сургуулийн багтай олон улсын арбитрын хуралдаанд өрсөлдөж, хоёр дахь шатанд Кюүшюүгийн их сургуулийн багтай бизнес хэлэлцээр хийж өрсөлдлөө.

Монгол Улсын төрөөс дээд боловсролын талаар баримтлах үзэл баримтлал, Монгол Улсын Их сургуулийн 2016-2024 он хүртэлх Стратеги төлвөлгөөнд тусгагдсаны дагуу 2024 он гэхэд Монгол Улсын их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд хүргэх зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулиас тус сургуулийн оюутнуудыг мэргэжлийн чиглэлийн олон улсын тэмцээн, уралдаанд оролцуулах бодлого баримталж байгаагийн үр дүн юм.

Тус тэмцээн нь арбитрын болон бизнес хэлэлцээр гэсэн хоёр үе шаттайгаар явагддаг бөгөөд арбитрын тэмцээнд оролцогчид Олон улсын арилжааны гэрээний зарчим  UNIDROIT-г ашиглан арбитрын хуралдаанд өмгөөлөгчөөр оролцох ба бизнес хэлэлцээрийн тэмцээнд компанийн эрх бүхий албан тушаалтны дүрээр бизнес хэлцэл хийж өрсөлддөгөөрөө орчин үеийн хуульчдад зайлшгүй шаардлагатай олон улсын худалдааны эрх зүйн талаарх мэдлэг, бизнес хэлцэл хийх чадварыг олгодгоороо онцлог тэмцээн юм.

Түүнчлэн тус тэмцээнд дэлхийн шилдэг их сургууль болох Токиогийн их сургууль, Киотогийн их сургууль, Нагояагийн их сургууль, Кюүшюүгийн их сургууль, Австралийн үндэсний их сургууль, Сиднейн их сургууль, Сингапурын үндэсний их сургууль, Хонг Конгийн их сургуулиудын хамт Монгол Улсаас Монгол Улсын Их Сургуулийн  Хууль зүйн сургуулийн оюутнууд оролцсон нь тус сургуулийн сургалтын чанар тодорхой түвшинд хүрсэнийг илтгэх үзүүлэлт болж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ