Мэдээ мэдээлэл

Монголын нэрт хуульч, академич С.Нарангэрэл Оросын Шинжлэх ухаан ба соёлын төвийн номын санд оюуны бүтээлээ бэлэглэв.

2018 оны 05 сарын 02

2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хот дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, Монгол Улсын Их Сургуулийн профессор, Япон улсын Наягояагийн их сургуулийн хүндэт доктор, нэрт хуульч, академич Содовсүрэнгийн Нарангэрэл Оросын Шинжлэх ухаан ба соёлын төвд “Орчин үеийн орос, монгол хууль зүйн тайлбар толь бичиг”-ээ бэлэг болгон гардуулав.

Энэхүү толь бичигт Оросын эрх зүйн соёлд хэрэглэгдэж байгаа орчин үеийн хууль зүй судлалын нэр томьёо, тогтвортой хэллэг төдийгүй, арилжаа, валют зээлийн харилцаа, үнэт цаасны зах зээл, банкны үйл ажиллагаа ба даатгал, түүнчлэн хууль зүйн баримт бичигт тусгагдсан нийтээр хэрэглэдэг зарим хэллэгийг багтаасан байна. Үүнтэй холбогдуулан энэхүү толийг эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтнууд, хууль зүйн болон хэлний бус их дээд сургуулийн багш ба докторантууд, оюутнууд, практик хуульчид, орчуулагчид, төрийн алба болон гадаад улс төрийн болон гадаад эдийн засгийн байгууллагын ажилтнууд, аж ахуй эрхлэгчид болон эрх зүйн салбар дахь мэргэжилтнүүд өргөн ашиглах боломжтой юм.

Хуучин Зөвлөлтийн Бүгд Найрамдах зарим улсад орос хэл рүү довтолж, түүнийг ялгаварлан гадуурхаж байгаа өнөөгийн хүнд бэрх цаг үед энэхүү бүтээл нь шинжлэх ухааны янз бүрийн салбар дахь Орос, Монголын харилцаа, Монгол улс дахь орос хэлийг урьд өмнөхийн адил хөгжүүлэх баталгаа болж, гүн хүндэтгэл хүлээх нь эргэлзээгүй юм.

Монгол Улс дахь Оросын хамтын ажиллагааны төлөөлөгчийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Татьяана Будаева зохиогчийн маш чухал ба их хөдөлмөр шингэсэн бүтээлд гүн талархлаа илэрхийлж, түүний цаашдын ажил үйлсэд амжилт хүсэж, ялалтын баярын туузыг түүнд зүүж өгөв.

Эх сурвалж: http://mng.rs.gov.ru/ru/news/28374