Мэдээ мэдээлэл

"Б.Чимидийн нэрэмжит шагнал"-ын 2018 оны шалгаруулалт зарлагдлаа.

2018 оны 11 сарын 26

             Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 176 тоот захирамжаар баталсан “Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох журам”-ыг үндэслэн “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-ын 2018 оны шалгаруулалтыг зарлаж байна.

            Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг 2015 оноос олгож эхэлсэн билээ. 

1. Шагналд нэр дэвшүүлсэн бүтээлд тавигдах шаардлага

-судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл байх;

-дотоод, эсхүл гадаадын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний хэвлэл, сэтгүүлд нийтлэгдсэн, эсхүл бие даасан ном, бүтээл болон хэвлэгдсэн байх;

-бүтээлийн үр дүн, дэвшүүлсэн шинэ санаа, санал дүгнэлт, үзэл баримтлал, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь тодорхой тооцоо үндэслэл, нотолгоо баримтаар нотлогдсон байх.

 

2. Дараах байгууллага шагналд нэр дэвшүүлэх хүсэлт ирүүлэх боломжтой:

-эрдэм шинжилгээний байгууллага;

-их, дээд сургууль;

-төрийн болон төрийн бус байгууллага.

 

3. Хүсэлт гаргах байгууллага нь шагналд нэр дэвшүүлэх бүтээлийн талаар дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ:

-нэр дэвшүүлж хүсэлт ирүүлсэн байгууллагын эрдмийн зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллагын удирдах, төв байгууллагын хурлын протокол, шийдвэр;

-нэр дэвшигчийн эрдэм шинжилгээний бүтээлийн баталгаажсан жагсаалт;

-нэр дэвшиж байгаа бүтээлийн товч танилцуулга, гарсан үр дүн;

-нэр дэвшсэн бүтээлийн талаар тухайн салбарын хоёр эрдэмтний шүүмж;

-нэр дэвшсэн бүтээлээс дотоод, эсхүл гадаадын судалгааны бүтээлд эшлэл авсан тухай жагсаалт, баримт;

-нэр дэвшигчийн анкет;

-ажил байдлын тодорхойлолт.

Нэр дэвшүүлсэн байгууллагын ирүүлсэн хүсэлт, протокол, тодорхойлолт, холбогдох бусад баримт бичиг нь эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдэг бүхий байна.

 

4.Материал хүлээн авах, шалгаруулах хугацаа

Нэр дэвшүүлсэн бүтээлийн талаарх материалыг жил бүрийн 12 дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлнэ. 

 

5.Шагнал урамшуулал

“Б.Чимидийн нэрэмжит шагнал” нь Монгол Улсын Их Хурлын даргын гарын үсэг бүхий өргөмжлөл, медаль, 5,000,000.00 (таван сая) төгрөгийн мөнгөн урамшууллаас бүрдэх бөгөөд шагналыг Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Төрийн ордонд гардуулна.

Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох журам