Мэдээ мэдээлэл

Хувийн эрх зүйн тэнхимийн багш Б.Тамирын эрдэм шинжилгээний өгүүлэл Олон улсын сэтгүүлд хэвлэгдэв

2018 оны 11 сарын 28

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Б.Тамир нь  Австрийн Олон улсын эрх зүйн судлагааны төвийн (Center for International Legal Studies) эрхлэн гаргадаг “Comparative Law Yearbook of International Business” сэтгүүлд 2013 онд “Product Liability under Mongolian Law” сэдэвт өгүүллээ нийтлүүлж байсан юм.

Энэ удаа Б.Тамир нь Швейцарын Холбооны Улсын Женевийн Их сургуульд зочин судлаачаар ажиллаж байхдаа тус сургуулийн Олон улсын хувийн эрх зүйн тэнхимийн профессор Jean Paolo Romano-ийн удирдлага дор бичсэн “The Development of Private International Law of Mongolia” эрдэм шинжилгээний өгүүлэл “Швейцарын Харьцуулсан эрх зүйн Институт” (Swiss Institute of Comparative Law)-ын эрхлэн гаргадаг “Yearbook of Private International Law” цуврал сэтгүүлийн 2017/2018 оны XIX дэх дугаарт нийтлэгджээ.

Тус сэтгүүл нь дэлхийн улсуудын олон улсын хувийн эрх зүйн талаарх судалгааны бүтээлийг дагнан нийтэлдэг бөгөөд энэхүү нэр хүндтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлд анх удаа Монголын олон улсын хувийн эрх зүйн тухай өгүүлэл ийнхүү хэвлэгдлээ. 

The Development of Private International Law of Mongolia” өгүүлэлд Монгол Улсын Олон улсын хувийн эрх зүйн хөгжлийн үндсэн чиг хандлага, 1963, 1994 оны Иргэний хуульд зөрчилдөөний хэм хэмжээ хэрхэн тусгагдсан тухай болон 2002 оны Иргэний хууль дахь зөрчилдөөний хэм хэмжээний онцлог, дутагдалтай тал ба шинэ зохицуулалтыг өмнөх хуультай харьцуулан судалсан. Түүнчлэн гэрээ, гэм хор, гэр бүл, өв залгамжлал, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх асуудлыг цогцоор нь дурьдсан бөгөөд шүүхийн харъяаллын асуудлыг олон улсын зарим конвенцитай харьцуулан судалжээ.