Мэдээ мэдээлэл

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг олон улсын шүүхийн мэтгэлцээний тэмцээнд тавдугаар байр эзэллээ.

2019 оны 03 сарын 11

Жил бүр Олон улсын Улаан загалмайн хорооноос зохион байгуулдаг Олон улсын Хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний 17 дахь удаагийн Ази-Номхон далайн бүсийн тэмцээн 2019 оны 3 дугаар сарын 6-9-ны өдрүүдэд ХонгКонг-д амжилттай зохион байгуулагдлаа. 21 улсын хуулийн сургуулийн 24 баг оролцсон тэмцээнд МУИС-ийн багийг төлөөлөн ХЗС-ийн 4 дүгээр курсын оюутан А.Мандуул, 3 дугаар курсын оюутан Б.Улсболд, дасгалжуулагч Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, доктор Д.Гангабаатар, Хувийн эрх зүйн тэнхимийн багш Б.Тамир нарын бүрэлдэхүүнтэй амжилттай оролцож, тавдугаар байрт шалгарсан байна.

 

МУИС-ийн баг эхний шатанд Сөүлийн үндэсний их сургуулийн багийг, дараагийн тэмцээндээ Токиогийн их сургуулийн багийг ялж, финалд шалгаран өндөр амжилт гаргажээ. Тэмцээнд оролцохоор шалгарсан багууд нь үндэсний тэмцээнийхээ аварга баг байдаг тул хамгийн шилдэг оюутнууд оролцдогоороо онцлог юм. Тухайлбал, энэ жил Бээжингийн их сургуулийн баг дотоодын тэмцээндээ 52 их сургуулийн багаас шалгарч, Энэтхэгийн баг 50 их сургуулийн баг оролцсон үндэсний тэмцээндээ түрүүлж олон улсын тэмцээнд оролцох эрхээ олж авсан байна.