Академич С.Нарангэрэл, профессор Ж.Эрдэнэбулган нарын хамтран бичсэн “Монгол Улсын Эрүүгийн эрх зүй: үзэл баримтлал, уламжлал, сургамж” хэмээх нэгэн сэдэвт бүтээл хэвлэгдэн гарав. Эл бүтээл 8 бүлэг, 47 зүйл, 57 дэд зүйлээс бүтсэн. Зохиогчдын үйлдсэн нэр томьёоны хэлхээтэй.
“Эрүүгийн хуулийн үзэл баримтлал” хэмээх I бүлэгт Монгол улсын Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, эрүүгийн хуулийн тогтолцоо (систем), гэмт үйл ба нийгмийн аюулын тухай, эрүүгийн хариуцлага болон ялын ялгаа зааг, эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхээс сэрэмжлэх тухай, эрүүгийн хуулийн нэр томьёо ба найруулга зэрэг эрүүгийн эрх зүйн онолын суурь асуудлыг хөнджээ.
“Гэмт хэргийн ухагдахууныг шинжлэхүй” хэмээх II бүлэгт үйл (үйлдэл ба эс үйлдэхүй)-ийн тухай, үйлийг эрүүгийн хуулиар хориглохын учир, гэмт хэрэг гэм буруутай, ял хүлээх үйл болох тухай, гэмт хэргийн ангилал, олонлог гэмт хэрэг зэрэг гэмт хэргийн ухагдахууны онолын суурь асуудлыг авч үзжээ.
“Гэмт хэрэг ба эрх зүйн бусад зөрчил” хэмээх III бүлэгт эрх зүйн зөрчилд гэмт хэргийн эзлэх байр суурь, зөрчил, түүний үзэл баримтлал, хуульчилсан тодорхойлолтод хийсэн шинжилгээ, гэмт хэрэг ба иргэний, захиргааны, сахилгын эрх зүйн зөрчлийн харилцан хамаарлын тухай асуудлыг судалжээ.
“Гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжлэхүй” хэмээх IV бүлэгт гэмт хэргийн бүрэлдэхүүний уламжлалт ухагдахуун, гэмт хэрэг ба гэмт хэргийн бүрэлдэхүүний харилцан хамаарал, гэмт хэргийн материаллаг ба хэлбэрийн бүрэлдэхүүн, гэмт хэргийн бүрэлдэхүүн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох тухай асуудлыг хөнджээ.
“Гэмт хэргийн бүрэлдэхүүний бүтцийг судлахуй” хэмээх V бүлэгт гэмт хэргийн бүрэлдэхүүний бүтээцийн ухагдахуун, гэмт хэргийн бүрэлдэхүүний объект, объектив тал, субъект, субъектив талын бүтээцийг нарийвчлан авч үзсэн байна.
“Гэмт хэргийн сургаалын тулгуур зарим асуудал” хэмээх VI бүлэгт төгсөөгүй гэмт хэрэг, хамтран үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдал зэрэг асуудлыг тусгайлан авч үзжээ.
“Зарим гэмт хэргийн агуулгын шинжилгээ” хэмээх VII бүлэгт түгээмэл зарим гэмт хэрэг, гэмт хэрэгт шинээр тооцсон болон гэмт хэрэг биш болгосон үйлд агуулгын шинжилгээ хийснээ толилуулжээ.
“Ялын зангилаа зарим асуудал” хэмээх VIII бүлэгт ялын ухагдахуун ба зорилго, тогтолцоо, төрөл, түүнийг олшруулах, ял оногдуулах асуудал, ял тэнсэх, эрүүгийн хариуцлага ба ялаас чөлөөлөх, насанд хүрээгүй хүнд ногдуулах ялын онцлог, эрүүгийн эрх зүйн шинж чанартай арга хэмжээ зэрэг асуудлыг судалжээ.
Эрүүгийн хуулийг төгөлдөржүүлэх асуудлыг бүлэг тус бүрд хөндөхдөө зохиогчид үндэсний онцлог, залгамж чанар, сургамж, санал, зөвлөмжөө эл бүтээлийн холбогдох бүлэг, зүйлд томьёолсон. Улс орныхоо эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны болон эрүүгийн хууль тогтоомжийн түүхэн уламжлал, залгамж чанарыг огт алдагдуулах ёсгүй, гаднын хуулийг учир начиргүй хуулбарлаж болохгүй, гэсэн чухаг санаа эл бүтээлийн бүлэг, зүйл болгонд тусгалаа олжээ.
Эл хамтарсан бүтээлийг эрүүгийн эрх зүйн төдийгүй хууль зүйн шинжлэх ухааны даацтай, шинэлэг бүтээл болсон гэж зарим эрдэмтэд үнэлж эхэлж байна. Дашрамд тэмдэглэхэд Академич С.Нарангэрэл профессор Ж.Эрдэнэбулганы докторын диссертацийн эрдэм шинжилгээний бүтээлийн удирдагч нь юм.