Мэдээ мэдээлэл

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ “MOCK TRIAL” ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА.

2019 оны 04 сарын 08

Монголын Хуульчдын холбооноос Хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд зургаа дахь жилдээ зохион байгуулж “MOCK TRIAL” шүүхийн мэтгэлцээний тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль шилдгээр шалгарлаа. 

Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит тус тэмцээн эрүү, иргэн, захиргаа, арбитрын мэтгэлцээн гэсэн дөрвөн төрлөөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байр, МҮХАТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын шүүхийн байранд 2019 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр явагдсан юм.

Тэмцээнд МУИС, “Их засаг”, “Шихихутуг” “Отгонтэнгэр”, “Орхон”, “Улаанбаатар”, “Билиг”, “Түшээ”, Хууль сахиулахын их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Ховд их сургууль, Монголын Үндэсний их сургууль, Олон улс судлалын дээд сургууль зэрэг 13 их, дээд сургуулийн 35 баг оролцож, ур чадвар, мэдлэгээ сорин өрсөлдсөн байна. 

Үүнээс Эрүүгийн хэргийн мэтгэлцээнд нийт 11 баг оролцсоноос О.Батсүх багштай “Шихихутуг” их сургуулийн баг тэргүүн байрт, Х.Эрдэм-Ундрах багштай МУИС-ийн ХЗС-ийн баг дэд байрт шалгарлаа.

Захиргааны хэргийн мэтгэлцээнд нийт 9 сургууль оролцсоноос Э.Мөнхдаваа багштай МУИС-ийн ХЗС-ийн баг тэргүүн байрт, С.Эрдэнэболор, Н.Эрдэнэбаяр багштай “Отгонтэнгэр” их сургуулийн баг дэд байр

Арбитрын хэргийн мэтгэлцээнд 5 сургуулийн баг оролцсоноос М.Сувдаа багштай “Отгонтэнгэр” их сургуулийн баг тэргүүн байр, С.Должин багштай МУИС-ийн ХЗС-ийн баг дэд байр

Иргэний хэргийн мэтгэлцээнд нийт 10 баг мэтгэлцсэнээс М.Хатанзориг багштай “Шихихутуг” их сургуулийн баг тэргүүн байр,  А.Батбаатар багштай “Их засаг” Олон улсын их сургуулийн баг дэд байрт тус тус шалгарсан юм.

Энэ жилийн тэмцээнд оролцсон бүх сургуулийн амжилт үзүүлсэн байдлыг нь онооны системээр үнэлж, шилдэг сургуулийг шалгаруулж цом олгосон бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургууль гурван төрөлд амжилт үзүүлж, аваргаар шалгарлаа.