Мэдээ мэдээлэл

“ОЛОН УЛСЫН ХУВИЙН ЭРХ ЗҮЙ: ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” СУРАХ БИЧИГ ХЭВЛЭГДЛЭЭ

2019 оны 04 сарын 16

МУИС-ийн Хуль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Б.Тамирын "Олон улсын хувийн эрх зүй: Орчин үеийн чиг хандлага" сэдэвт ном хэвлэгдэн гарлаа.

Энэхүү номд олон улсын хувийн эрх зүйн үндсэн асуудал (шүүхийн харьяалал, хэрэглэгдэх хууль, гадаадын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх)-аас гадна орчин үеийн хөгжлийн чиг хандлага, ялангуяа хоёр өөр улсын шүүхэд нэгэн зэрэг хэрэг үүсгэх, сул талыг хамгаалах зорилго бүхий шүүхийн харьяалал, шүүхийг сонгох хэлэлцээр, гадаад улсын хуулийг шүүхийн бус байгууллага хэрэглэж болох эсэх, гэм хорын тусгай төрөлд хэрэглэгдэх хуулийг сонгох журам, түүнчлэн энэ салбарт шинэ зохицуулалт шаардаж буй зарим харилцааны талаар онцлон дурджээ. Тухайлбал, гэр бүлийн эрх зүйн харилцаанд ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх, зохиомлоор үр шилжүүлэн суулгах аргаар төрсөн хүүхдийн эцэг, эхийг хэрхэн тогтоох зэрэг асуудлын учир шалтгаан, шийдэх арга замыг уг номд хөндөж оруулсан байна.

Баялаг эх сурвалж, олон улсын түгээмэл ном зүйд тулгуурлан зохиосон тус номын 8 хэсэг, 15 бүлгээс олон улсын хувийн эрх зүй, олон улсын иргэний процессын бүхий л сэдвийн хүрээнд уламжлалт болон шинэлэг ойлголт, ухагдахуун, эрх зүйн маргаантай асуудлын талаарх дэлгэрэнгүй тайлбар, лавлагаа, мэтгэлцээнийг олж үзэх боломжтой юм.