Мэдээ мэдээлэл

НЭЗТ-ийн шинэ номын танилцуулга

2019 оны 05 сарын 14

Шинэ номын танилцуулга

 

Зохиогч : МУИС, Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, профессор Д.Баярсайхан (Ph.D)

  1. Эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын шинэтгэлийн асуудлууд УБ ., 2019
  2. Гадаад орнуудын эрүүгийн процесс УБ ., 2015
  3. Эрүүгийн процессын албадлага ба хүний эрх УБ ., 2018

--------

  1. Эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын шинэтгэлийн асуудлууд УБ ., 2019номын танилцуулга :

Энэ ном нь МУИС-ийн ХЗС-ийн профессор Д.Баярсайханы “Хууль дээдлэх ёс”, “Эрх зүй”, “Шүүх эрх мэдэл” зэрэг хууль зүйн мэргэжлийн сэтгүүлүүдэд нийтлэгдсэн судалгааны өгүүллүүд болон гадаад дотоодын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл, судалгааны зарим төсөл зэргийг эмхлэн нэгтгэсэн бүтээл бөгөөд орчин үеийн эрүүгийн эрх зүйн чиг хандлага, эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын онолын асуудлууд зэргийг зохих үндэслэлтэйгээр системчлэн гаргаснаараа шинэлэг бүтээл юм. Уг бүтээл нь уламжлалт эрүүгийн эрх зүйн тогтолцоо үнэт зүйлсийг орчин үеийн нийтлэг жишиг чиг хандлагатай уялдуулж харьцуулсан судлалын болон онол арга зүйн талаас нь дүн шинжилгээ хийж авч үзсэнээрээ ач холбогдолтой юм. Энэхүү номонд Дэлхийн эрүүгийн загвар хуулийн үзэл баримтлал, Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага, Гэмт хэргийн бүрэлдэхүүний онол арга зүй, Эрүүгийн процессын хүний эрхийн тулгамдсан асуудлууд болон Эрүүгийн эрх зүйд хууль тайлбарлан хэрэглэх онол арга зүйн асуудал зэрэг нэн тулгамдсан орчин цагийн судлагдахууныг хөндсөн болно.

2. “Гадаад орнуудын эрүүгийн процесс УБ ., 2015” номын танилцуулга :

Энэхүү бүтээлд Эрүүгийн процессын харьцуулсан судлалын үндсэн асуудлыг бүхэлд нь судлан авч үзсэн ба Герман, Франц, Америк, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг хөгжингүй орнуудын эрүүгийн процессын тогтолцоо, зарчим, онцлог шинжийг тэдгээр орны эрүүгийн процессын хууль тогтоомжтой холбон авч үзсэн. Түүнчлэн НҮБ-ын гэрээ конвенцэд тусгагдсан Эрүүгийн процессын суурь зарчмууд, Дэлхийн эрүүгийн процессын загвар хэв маяг, Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн эрүүгийн процессын жишиг хэм хэмжээ зэргийг харьцуулсан судлалын талаас нь авч үзэж нийтлэг чиг хандлагыг тодорхойлсон. Дээр дурдсанаас гадна НҮБ-ын дэмжлэгтэйгээр батлагдсан Дэлхийн эрүүгийн процессын загвар хуулийн хэм хэмжээ, зарчим, үзэл баримтлал зэргийг нарийвчлан тодорхой тусгаж илэрхийлсэн. Энэ ном нь тухайн чиглэлээр анх удаа хэвлэгдэн гарч буй бөгөөд эрүүгийн процессын багш, судлаач болон хуульчдад танин мэдэхүйн чухал ач холбогдол бүхий бүтээл юм.

3. “Эрүүгийн процессын албадлага ба хүний эрх УБ ., 2018” номын танилцуулга :

Энэ номд Эрүүгийн процессын албадлага хэрэглэх үеийн хүний эрхийн асуудлыг харьцуулсан судлалын болон онолын талаас нь гүнзгийрүүлж авч үзсэн бөгөөд эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн баталгааг хангах болон хүний хувийн халдашгүй байх эрхийн мөн чанар, зарчмыг орчин үеийн онол арга зүйн талаас нь дүн шинжилгээ хийж тайлбарлаж бичсэн. Энэхүү бүтээлд Эрүүгийн процессын албадлагын онолын үндэслэл, үзэл баримтлал, чиг хандлагыг тодорхойлсноос гадна НҮБ-ын гэрээ конвенцэд тусгагдсан хүний эрхийн суурь зарчмууд, гадаад орнуудын эрүүгийн процессын албадлага, хүний эрхийн харьцуулсан судлалын асуудлууд зэргийг тухайлан тодруулж авч үзсэн болно. Түүнчлэн Монгол Улсын эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомжийн түүхэн уламжлалыг эрүүгийн процессын албадлага хэрэглэх үеийн хүний эрхийн хөгжилтэй холбон түүхэн сургамж талаас нь судлан тодорхойлж, эрүүгийн процессын эрх зүйн орчны түүхэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн. Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тухайн асуудал хэрхэн тусгагдсаныг онол арга зүйн талаас нь судалж тухайн харилцаан дахь тулгамдсан асуудлыг хөндөж цаашдын чиг хандлагыг тодорхойлсон болно. Уг бүтээл нь эрүүгийн эрх зүйн чиглэлээр мэргэшин ажиллаж буй хуульч, өмгөөлөгч, мөрдөгч, прокурор, шүүгч болон тухайн чиглэлээр судалгаа хийж буй багш, судлаач нарын эрүүгийн процессын мэдлэгт зохих хувь нэмэр болно.