Мэдээ мэдээлэл

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН БАГ 19 ДЭХ УДААГИЙН ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР, ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТЭМЦЭЭН (INTERCOLLEGIATE NEGOTIATION COMPETITION)-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

2020 оны 11 сарын 24

2002 оноос хойш жил бүр олон улсын түвшинд зохион байгуулагдаж буй  “Олон улсын арилжааны арбитр, хэлэлцээрийн тэмцээн” (Intercollegiate Negotiation Competition) 19 дэх удаагаа 2020 оны 11 сарын 14, 15-ны өдрүүдэд COVID-19 цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. 

Тус тэмцээнд энэ жил Сингапурын үндэсний их сургууль (National University of Singapore), Токиогийн их сургууль (University of Tokyo), Киотогийн их сургууль (Kyoto University), Осакагийн их сургууль (Osaka University), Австралийн үндэсний их сургууль (Australian National University), Мельбурны их сургууль (University of Melbourne), Сиднейн их сургууль (University of Sydney), Монаш их сургууль (Monash University), Күйнсландын технологийн их сургууль (Queensland University of Technology), Бээжин Нормал их сургууль (Beijing Normal University), Чула их сургууль (Сhulalongkorn university) зэрэг олон улсад нэр хүндтэй 25 их сургуулийн 52 баг, 230 гаруй оюутан оролцжээ.

МУИС-ийн Хууль зүйн сургууль (ХЗС)-ийн баг уг тэмцээнд 2017 оноос хойш 4 дэх жилдээ амжилттай оролцож, 2018 онд 7 дугаар байр, 2019 онд 8 дугаар байр эзэлж байсан бол энэ жил анх удаа  шилжин явах цомын эзэн боллоо.  Тодруулбал Япон хэл дээр оролцсон баг хэлэлцээрийн шатанд хамгийн өндөр оноо авсан багаар шалгарч тэмцээний 5 гол шагналын нэг болох “Global Leadership (GLEA) Award for the Best Negotiation” хүртлээ (Үлдсэн 4 шагналыг Австралийн шигшээ баг (Team Australia), Токиогийн их сургууль, Сингапурын үндэсний их сургууль, Софиагийн их сургууль (Sophia University) хүртжээ).

Энэ жил МУИС-ийн Хууль зүйн сургуулиас өргөн бүрэлдэхүүнтэй буюу англи хэлээр 2 баг, япон хэлээр 1 баг, нийт 15 оюутан оролцсон. Эхний хэсэгт англи хэлээр оролцсон 1 дүгээр баг Софиагийн их сургуулийн багтай, англи хэлээр оролцсон 2 дугаар баг Токиогийн их сургуулийн багтай, япон хэл дээр оролцсон баг Кюүшүгийн их сургуулийн багтай, хоёрдугаар хэсэгт англи хэлээр оролцсон 1 дүгээр баг Риккиогийн их сургуулийн багтай, англи хэлээр оролцсон 2 дугаар баг Мейжигийн их сургуулийн багтай, япон хэлээр оролцсон баг Осакагийн их сургуулийн багттай тус тус эн тэнцүү өрсөлдлөө.

Тэмцээнд Хууль зүйн сургуулийг төлөөлөн эрх зүйн 5 дугаар түвшний оюутан Б.Лхагважаргал, Б.Хэрлэнчимэг, Г.Сайханзул, Г.Намуунаа, Б.Энхжавхлан; 4 дүгээр түвшний оюутан Э.Золзаяа, Р.Оюундэлгэр, Н. Саруул, Б.Соёл-Эрдэнэ, Э.Эрхбилгүүн; 3 дугаар түвшний оюутан У.Наранбуян, Г.Мягмарцэрэн, Т.Лхагважаргал, Ж.Алтанчимэг, Т.Биндэръяа нар оролцов.

МУИС-ийн ХЗС-ийг төлөөлөн оролцсон нийт оюутны тэмцээний бэлтгэл хийж буй үеийн зураг

 

Оюутнуудыг дасгалжуулагч багшаар МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Э.Туулайхүү, “Номин энд Адвокэтс” ХХН-ийн хуульч О.Номинчимэг, МУИС-ийн ХЗС дахь Нагояагийн их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн эрх зүйн мэргэжилтэн багш Накамура Ёшитака нар ажиллав.

МУИС-ийн ХЗС-ийн багийн авсан оноог дор оруулав.

Жич: Энэ тэмцээн нь арилжааны чиглэлээр арбитрын хуралдаанд маргааны талуудыг төлөөлөх болон үр ашигтай хэлэлцээр хийхэд олон улсад өрсөлдөхүйц өндөр ур чадвар бүхий эрх зүйн мэргэжилтэн бэлтгэх зорилготой. Тэмцээний шүүгчдээр Японы болон олон улсын Барын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид, олон улсад нэр хүнд бүхий их сургуулийн профессорууд, томоохон компаниудын удирдах албан тушаалтнуудын төлөөлөл ажилладаг. Тэмцээн нь арбитрын хуралдаан (arbitration) болон хэлэлцээр (negotiation) гэсэн хоёр хэсэгтэйгээр явагддаг. Арбитрын хуралдааны хэсэгт өмнө өгөгдсөн маргааны үйл баримт, түүнд холбогдох талуудын хооронд байгуулагдсан гэрээ, бусад нотлох баримт болон Олон улсын арилжааны гэрээний тухай UNIDROIT-ын зарчмыг ашиглан нэхэмжлэгч, хариуцагч талын өмгөөлөгчдийг төлөөлөн мэтгэлцэх бол хэлэлцээний хэсэгт компанийн эрх бүхий албан тушаалтны дүрээр хэлцэл хийж өрсөлддөг.

 

МУИС-д Эрх зүйч мэргэжилтэн бэлтгэж эхэлсний түүхт 60 жилийн ойн босгон дээр тус сургуулийн оюутнууд олон улсын томоохон тэмцээнд ийнхүү өндөр амжилт гаргасанд Хууль зүйн сургуулийн зүгээс талархал илэрхийлье.