Мэдээ мэдээлэл

Олон улсын хөрөнгө оруулалтын арбитрын мэтгэлцээний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

2020 оны 11 сарын 11

2008 оноос эхлэн зохиогдож буй Олон улсын хөрөнгө оруулалтын арбитрын мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд МУИС-ын Хууль Зүйн Сургуулийн баг энэ жил 2 дахь удаагаа өндөр амжилттай оролцлоо. Дэлхийн хамгийн томоохон, нэр хүнд бүхий хуулийн сургуулиудын 80 орчим баг оролцсон энэ тэмцээнд амаар мэтгэлцэх төрөлд Бээжингийн Их Сургууль, Бээжингийн Багшийн Их Сургууль, Парисын Барын Их Сургууль, Индонезийн Их Сургуулийн багийг тус тус ялж, хэсгээсээ 1-р байрт шалгарсан бөгөөд аман мэтгэлцээний нийт дүнгээр МУИС-Хууль зүйн сургуулийн баг 17 дугаар байр эзэлж, Парисын Барын Их Сургууль, Сингапурын Менежментийн Их Сургууль, БНХАУ-ын Цинхуа Их Сургууль, АНУ-ын Нью-Йорк дахь Suffolk University-ийн баг, Чех улсын Карлын Их Сургууль, Варшавын Их Сургууль зэрэг томоохон сургуулиудыг ардаа орхисон байна.

Нийт 242 илтгэгчийн дундаас багийн илтгэгч Б. Улсболд шилдэг 20 илтгэгчийн нэгээр шалгарсан ба нэхэмжлэгч, хариуцагчийн аль алины талаас илтгэсэн оюутнуудаас 4 дүгээр байрт тус тус эрэмбэлэгдлээ. Өмнөх жил Ази номхон далайн бүсийн тэмцээнд анх оролцож байсан бол энэ жил Дэлхийн аваргын тэмцээнд бүс бүсээс шалгаран ирсэн шилдэг багуудтай өрсөлдсөнөөрөө онцлог бөгөөд, бидний хувьд ачаалал, хариуцлага өндөр тэмцээн болсон юм.

МУИС-ын Хууль зүйн сургуулийг төлөөлөн оролцсон багийн гишүүн  англи хэлээр олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн онол, практикийн судалгааг чадварлагаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тэмцээнийг шүүгчид өндрөөр үнэлжээ. Энэхүү тэмцээнд Хууль зүйн сургуулийн Олон улсын эрх зүйн 5 дугаар түвшний оюутан Б. Улсболд багийн ахлагчаар, гишүүдээр олон улсын эрх зүйн 5 дугаар түвшний оюутан Б. Номуундарь, С. Аминаа, Э. Сэлэнгэ, олон улсын эрх зүйн 4 дүгээр түвшний оюутан оюутан  Х. Саруул, Их Дээдийн оройн 3дугаар түвшний оюутан Р. Сийлэн, Г. Дэнзэн нар шалгаран оролцсон ба багийн дасгалжуулагчаар тус сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, доктор Э. Байгал ажилласан юм.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төлөөлж тэмцээнд оролцсон бүх оюутнууддаа баяр хүргэж, бидний итгэл найдварыг өндөр өргөж байгаад талархал илэрхийлье!