Мэдээ мэдээлэл

УИХ-ын Тамгын газар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа

2021 оны 02 сарын 10

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль өнөөдөр (2021.02.10) Монгол Улсын Их Хурлын Тамгын газартай хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор Ж.Эрдэнэбулган, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан  нар гарын үсэг зурсан юм.

Санамж бичгийн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх, хууль, эрх зүйн салбарын болон хуулийн төсөл боловсруулагчийн сургалтын хөтөлбөр, модулийг хамтран боловсруулах, хэрэгжүүлэх, багш судлаачдыг томилж ажиллуулах, хамтарсан сургалт, эрдэм шинжилгээний судалгаа хийх, хуулийн нэр томьёог боловсронгуй болгох зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны тайлан, сургалтын хэрэглэгдэхүүн, судалгаа шинжилгээний ажилд шаардагдах мэдээлэл харилцан солилцох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, “Улсын Их Хурлын Тамгын газар нь хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж ажилладаг. Энэ ажлын 80 гаруй хувь нь хуулийн төсөл боловсруулах ажиллагаанд төвлөрдөг. Хамтын ажиллагааны хүрээнд мэргэшсэн хуулийн төсөл боловсруулагчийг бэлтгэх, хууль зүйн техникийн онолын болон практик сургалтыг хамтран хийх, эрдэм шинжилгээний судалгаа хийх зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллах болно. Үүний үр дүнд парламентаас нийгмийн бүхий л хүрээний харилцаанд эерэг нөлөө үзүүлэхүйц, иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн, агуулга, ач холбогдол сайтай, чанартай хууль батлагдан гарах боломж бүрдэнэ. Мөн УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэнгээс иргэдэд парламентын боловсрол олгох асуудалд онцгойлон анхаарч, зорилтот хөтөлбөрүүдийг боловсруулаад байна. Энэ хүрээнд олон нийтийг соён гэгээрүүлэх, парламентат ёсыг сурталчлан таниулахад хамтын ажиллагааны нэг хэсэг чиглэнэ гэж үзэж байна” хэмээн онцоллоо.


“МУИС нь 2024 он гэхэд Азийн шилдэг 100 сургуулийн нэг болох зорилт тавьж, гадаад, дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа. Энэ хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулиас мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн ажиллаж байна. Хууль тогтоох үйл ажиллагаа нь шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд тулгуурладаг бөгөөд амьдралд бодитоор хэрэгжих хуулийг боловсруулан гаргахын тулд суурь судалгааг чанартай, мэргэжлийн түвшинд хийх ёстой. Онол, практикийг хослуулах хэрэгтэй. Ингэхийн тулд салбарын хэмжээнд судлаач, хуульч, багш нарыг давхар мэргэшүүлэх шаардлага бий болж байна. Энэхүү хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулснаар УИХ-ын Тамгын газар болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хамтын ажиллагаа өргөжиж, хууль тогтоох үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон ажил хийгдэх боломжтой болж байна”