Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН БАГ 20 ДАХЬ УДААГИЙН ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР, ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТЭМЦЭЭН (INTERCOLLEGIATE NEGOTIATION COMPETITION)-Д ӨНДӨР АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

2021 оны 11 сарын 16

2002 оноос хойш жил бүр олон улсын түвшинд зохион байгуулагдаж буй “Олон улсын арилжааны арбитр, хэлэлцээрийн тэмцээн”-д (Intercollegiate Negotiation Competition) 20 дахь удаагаа амжиллттай оролцсон бөгөөд 2020 оны 11 сарын 06, 07-ны өдрүүдэд COVID-19 цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.  

Тус тэмцээнд Сингапурын үндэсний их сургууль (National University of Singapore), Токиогийн их сургууль (University of Tokyo), Киотогийн их сургууль (Kyoto University), Осакагийн их сургууль (Osaka University), Австралийн их сургуулиудын нэгдсэн баг, Нагояагийн их сургууль (Nagoya University), Васэдагийн их сургууль (Waseda University), Чулалонгкорн их сургууль (Сhulalongkorn university) зэрэг олон улсад нэр хүндтэй 24 их сургуулийн баг оролцжээ.

Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль (МУИС-ийн ХЗС) уг тэмцээнд 2017 оноос хойш 5 дахь жилдээ амжилттай оролцож Япон болон Англи хэл дээр оролцдог болсныг уншигч хэдийнээ мэддэг болсон биз ээ. Энэ жилийн хувьд хоёр багийн дундаж оноогоороо 49 багаас 10 дугаар байранд шалгарав.

2020 онд тус сургуулийн Япон хэл дээр оролцсон баг хэлэлцээрийн шатанд оноогоороо тэргүүлсэн бахдам амжилт гаргаж байсан бол энэ жил (2021) англи хэл дээр оролцсон баг хэлэлцээрийн шатанд Австралийн шигшээ баг (109 оноо)-ийн дараа 107 оноогоор хоёрдугаарт жагслаа. Эдгээр нь  МУИС-ийн ХЗС-ийн оюутнууд япон,  англи хэл дээр олон улсын бизнесийн хэлэлцээр хийх чадвартай эрх зүйчид болон бэлтгэгдэж байгааг илтгэж байна.

Энэ жил МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төлөөлж эрх зүйн 5 дугаар түвшний оюутан Б. Соёл-Эрдэнэ, Э. Эрхбилгүүн; 4 дүгээр түвшний оюутан Т. Лхагважаргал, Б. Ариунзаяа, Б. Номин, Ө. Намуунбаяр, У.Наранбуян, О. Отгонбаяр нар оролцов. Тэмцээний нэгдүгээр хэсэг буюу олон улсын арилжааны арбитрын төрөлд МУИС-ийн ХЗС-ийн багууд Японы Риккио их сургуулийн болон Васедагийн их сургуулийн багуудтай, хоёрдугаар хэсэг буюу хэлэлцээрийн хэсэгт Тайландын Чулалонгкорны  их сургууль болон Тохокүгийн их сургуулийн багуудтай тус тус эн тэнцүү өрсөлдлөө.

МУИС-ийн ХЗС-ийн 2 баг цахимаар тэмцээнд оролцож буй нь

МУИС-ийн ХЗС-ийн авсан оноог дор хүснэгтээр харуулав.

Оюутнуудыг дасгалжуулагч багшаар МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Э.Туулайхүү, Хувийн эрх зүйн тэнхимийн багш Д. Ганхүрэл, МУИС-ийн ХЗС дахь Нагояагийн их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн эрх зүйн мэргэжилтэн багш Накамура Ёшитака нар ажилласныг дурдах нь зүйтэй.

МУИС-ийн ХЗС-ийг төлөөлөн оролцсон оюутнуудын зураг

Жич: Энэ тэмцээн нь арилжааны чиглэлээр арбитрын хуралдаанд маргааны талуудыг төлөөлөх болон үр ашигтай хэлэлцээр хийхэд олон улсад өрсөлдөхүйц өндөр ур чадвар бүхий эрх зүйн мэргэжилтэн бэлтгэх зорилготой. Тэмцээний шүүгчдээр Японы болон олон улсын Барын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид, олон улсад нэр хүнд бүхий их сургуулийн профессорууд, томоохон компаниудын удирдах албан тушаалтнуудын төлөөлөл ажилладаг. Тэмцээн нь арбитрын хуралдаан (arbitration) болон хэлэлцээр (negotiation) гэсэн хоёр хэсэгтэйгээр явагддаг. Арбитрын хуралдааны хэсэгт өмнө өгөгдсөн маргааны үйл баримт, түүнд холбогдох талуудын хооронд байгуулагдсан гэрээ, бусад нотлох баримт болон Олон улсын арилжааны гэрээний тухай UNIDROIT-ын зарчмыг ашиглан нэхэмжлэгч, хариуцагч талын өмгөөлөгчдийг төлөөлөн мэтгэлцэх бол хэлэлцээрийн хэсэгт компанийн эрх бүхий албан тушаалтны дүрээр хэлцэл хийж өрсөлддөг.

МУИС-ийн ХЗС-ийн оюутнууд олон улсын томоохон тэмцээнд жил бүр амжилттай оролцож байгаад сургуулийн зүгээс талархал илэрхийлье.