2021 оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд МУИС-ийн төв номын санд Монгол Улсын Үндсэн хуулийн эрхийг баригч Б.Чимидийн нэрэмжит “ҮНДСЭН ХУУЛИЙН БОЛОН ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ҮНДСЭН АСУУДЛУУД: ХЯМРАЛЫН ҮЕИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” Олон Улсын эрдэм шинжилгээний III хурал амжилттай зохион байгуулагдаж байна. Тус Олон Улсын эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Хууль зүйн сургууль, Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн факультет, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц, Нагояагийн Их сургуулийн Азийн Сателит Кампус Институт, Монгол Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Ханнс Зайделийн сан, Азийн сан, Монголын хуульчдын холбоо, Чимид сан, Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан LEGALDATA.MN нар хамтран амжилттай зохион байгуулж байна. Мөн БНХАУ, ХБНГУ, Япон, Өмнөд Солонгос, АНУ болон Эстони улсуудын төлөөлийг цахим байдлаар оролцуулж байна.
Хурлын үйл ажиллагааг нээж МУИС-ийн Хууль зүйн сургууийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Амарсанаа үг хэлсэн. Тэрээр “Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн үндсэн асуудлууд сэдэвт Олон Улсын хурал 3 дахь жилдээ зохиогдож байна. Анхны хурлыг 2018 онд, хоёрдугаар хурлыг 2019 онд амжилттай зохион байгуулж байсан бөгөөд Ковид-19 цар тахлын улмаас хоёр жил завсарласаны эцэст гуравдугаар хурлыг ийнхүү шинэлэг буюу цахим болон танхимаар зохион байгуулж байна.
Энэхүү олон улсын гуравдугаар хурал нь төрийн бүтэц, эрх мэдэл хуваарилалт, үндсэн хуулийн хяналт, хүний эрхийн асуудлууд, Үндсэн хууль болон захиргааны эрх зүй, үйл ажиллагаан дахь хямралын үеийн тулгамдсан асуудлуудыг багтаасан ба өргөн хүрээний сэдвийг хамруулахдаа цар тахлын үед тулгарсан сорилт, нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл ажиллагаан дахь тулгамдсан асуудлуудыг хөндөж байгаагаараа онцлог бөгөөд ач холбогдолтой болохыг тэмдэглэмээр байна.
Энэхүү хурал нь та бүхний өөрсдийн байр суурь, үзэл бодол, санал зөвлөмжөө харилцан солилцох таатай орчин болж чадна хэмээн найдаж байна. Дэлхий нийтэд тулгарч буй хүнд цаг үеийн асуудал болох цар тахлын нөхцөл байдал, цаг үеийн асуудлуудад хөтөлбөрийн агуулга чиглэгдэх бөгөөд цаашид илтгэлүүдийг хэвлэн нийтлүүлэх, олон нийтийн хүртээл болгох ажлыг хийх болно” гэлээ.
Дараах холбоосоор орж хурлын үйл ажиллагааг шууд үзэх боломжтой.
https://www.facebook.com/watch/MongolianBarAssociation/