Мэдээ мэдээлэл

Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

2022 оны 01 сарын 13

Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол Улсын Хууль зүйн сургуулийг түшиглэн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн байгуулагдлаа.

Тус үйл ажиллагааг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Амарсанаа нээлтийн үгээр эхлүүлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МУИС-ийн захирал Б.Очирхуяг, МУИС-ийн Эмерит профессор, академич С.Нарангэрэл,  академич Ж.Амарсанаа нар “Уг хүрээлэн нь Монголчуудын Үндсэн хуулийн эрх зүй цаашлаад эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулна” гэдэгт итгэж байгаагаа дурдсан юм.

Үндсэн хууль нь Монголчуудын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал гэсэн нийгмийн хамгийн үнэт зүйл болсон суурь зүйлүүдийг өөртөө багтааснаараа онцлогтой ба 1991 онд 1,2 сая сонгогчийн шууд оролцоогоор батлагдсан гэдгийг дурдах нь зүйтэй.

Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй болоод эрх зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.