Мэдээ мэдээлэл

(International Business Transactions: Governing Law, and Dispute Settlement Issues) сэдэвт англи хэл дээрх оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө

2022 оны 04 сарын 19

           

“Олон улсын бизнесийн гэрээ, хэлцэл:   Хэрэглэх хууль, маргаан шийдвэрлэхтэй холбоотой асуудал”

(International Business Transactions: Governing Law, and Dispute Settlement Issues)

сэдэвт англи хэл дээрх оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө

            МУИС-ийн 80 жилийн ойг угтан ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимээс “Олон улсын бизнесийн гэрээ, хэлцэл:   Хэрэглэх хууль, маргаан шийдвэрлэхтэй холбоотой асуудал” (International Business Transactions: Governing Law, and Dispute Settlement Issues) сэдэвт оюутны Эрдэм шинжилгээний бага хурлыг ХЗС-ийн лекцийн их танхимд 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 

            Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү хурлын зорилго нь оюутнуудын олон улсын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх,  олон улсын эрх зүйн тодорхой асуудлаар судалгаа хийх, мөн судалгаандаа хуулийн англи хэлний нэр томьёо бүхий эх сурвалжийг ашиглах, мэргэжлийн үг хэллэг зөв хэрэглэх, орчуулга хийх чадварыг хөгжүүлж сайжруулахад оршино. Түүнчлэн уг хурал нь оюутнуудын англи хэлээр илтгэл тавьж хэлэлцүүлэх, асуултыг зөв ойлгож, хариулт өгөх чадварыг дээшлүүлэхэд  дорвитой хувь нэмэр болдог.

            Хурлаар хэлэлцүүлсэн илтгэлүүдийг Сноу Хилл Консалтанси Хуулийн Нөхөрлөл (Snow Hill Consultancy LLP) /Б.Улсболд/, Мэлвилл ба Эрдэнэдалай Хуулийн Нөхөрлөл (Melville and Erdenedalai LLP) /С.Ундраа/, Grata International Mongolia Хуулийн Нөхөрлөл (Nomin and Advocates LLP) /В.Болормаа/, MDS Khan Lex Хуулийн Нөхөрлөл /Ж.Майзориг/ болон ХЗС /доктор профессор Б.Алтангэрэл/-ийн төлөөлөл бүхий шүүгчдийн бүрэлдэхүүн шүүлээ. 

            Эрдэм шинжилгээний хурал хоёр шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд эхний шатанд оюутнуудын судалгааны ажлыг ХЗС-ийн Хувийн эрх зүйн профессор багш нар хянан шалгаруулж, шалгарсан илтгэлүүдийг хоёрдугаар шатанд хэлэлцүүлсэн. Үүнээс гурван шилдэг илтгэгч болон онц сонирхолтой нэг илтгэлийг шагналт байранд шалгаруулсан.

            Нэгдүгээр байранд Олон улсын эрх зүйн хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Б.Ариунзаяа “Enforceability of multi-tiered dispute resolution clause and legal consequence of non-compliance”, хоёрдугаар байранд Олон улсын эрх зүйн хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Б.Номин болон Ө.Намуунбаяар “Challenges concerning the validity of asymmetric jurisdiction clause”, гуравдугаар байранд Олон улсын эрх зүйн хөтөлбөрийн 4-р түвшний оюутан У.Нандин болон Ч.Номин-Эрдэнэ “Сross-border e-commerce dispute settlement”, Тусгай байранд Е.Айтолхын болон Б.Намуун “Governing law in international business transactions and Hague principles concerning “battle of the forms” шалгарлаа. Хуулийн нөхөрлөлүүд уламжлалт урамшууллуудаа гардуулж байгууллагадаа цалинтай дадлага хийхээр урьсан.

            Хурлын төгсгөлд шүүгчид оюутнуудын илтгэлийг сайшааж, жилээс жилд оюутнуудын судалгааны хүрээ өргөсөж, мэргэжлийн англи хэлний чадвар улам сайжирч байгааг тэмдэглэсэн юм. Мэдлэг оюунаа сорьж тэмцээнд амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөж, тус хурлыг шүүсэн шүүгчид, ивээн тэтгэгчид болон ХЗС-ийн оюутны English Speaking Club клубын гишүүдэд талархал илэрхийлье.

МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхим                 2022.04.18

Оролцогчид болон зохион байгуулагчид

 

Шүүгчид

Хэлэлцүүлэг

Шагналт байранд шалгарсан оюутнууд

       

       

Оролцогчид