Мэдээ мэдээлэл

Профессор, доктор Ц.Сарантуяад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Хүндэт доктор” цол олгох арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

2022 оны 11 сарын 21

Профессор, доктор Ц.Сарантуяад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Хүндэт доктор” цол олгох арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хамгийн нэр хүндтэй цол бол яах аргагүй МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “Хүндэт доктор” цол билээ. Тус цолыг МУИС-д дагаж мөрдөгдөж буй холбогдох дүрэм журмын дагуу МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэдэг бөгөөд тус сургууль үүсгэн байгуулагдснаас хойш нийт 15-н Монгол эрдэмтдэд олгосон байдаг. Энэ жил 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн 08 дугаар тогтоолоор Монгол Улсын Гавьяат хуульч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гэрээт профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор Цэрэнбалтавын Сарантуяад олгохоор болж, Хүндэт доктор цол олгох арга хэмжээ утга төгөлдөр зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа нээлтийн үгээр эхлүүлж, МУИС-ийн Эмерит профессор, академич, Япон Улсын Нагояагийн Их Сургуулийн “Хүндэт доктор” С.Нарангэрэл, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Н.Чинбат, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ХБНГУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Регина Рутенберг нар үг хэлж, Ц.Сарантуяагийн олон жилийн нөр их хөдөлмөр, тэр дундаа Үндсэн хууль, Үндсэн хуулийн процессын эрх зүйн хөгжилд оруулсан хувь нэмэр, Монгол Улс болон ХБНГУ нарын хоорондын хамтын ажиллагааг эрх зүйн салбарт хөгжүүлэхэд багагүй хувь оруулсан байдал, олон монгол судлаач, эрдэмтдийг ХБНГУ-д эрдмийн зэргээ ахиулан суралцуулах боломжийг нээсэн зэрэг амжилтуудыг онцлон дурдсан. Мөн Үүнээс гадна Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Г.Туулхүү, Ж.Эрдэнэбулган, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Нанзаддорж, МУИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Б.Очирхуяг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн зөвлөх профессор, доктор Х.Сэлэнгэ болон бусад эрдэмтэн, судлаачид оролцов.

Үүнээс гадна профессор, доктор Ц.Сарантуяа нь “Үндсэн хуулийн гол амин сүнс нь Үндсэн хуулийн хэрэгжилт юм” гэж хэлснийг сонордуулж байна.