МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн зөвлөх профессор, доктор Х.Сэлэнгэ Монгол Улсын Гавьяат багш цол хүртэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нь Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж, Монгол Улсын хөгжил дэвшилд хүч, хөдөлмөрөө зориулсан Монгол Улсын иргэдэд төрийн шагнал гардууллаа. Энэ хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн зөвлөх профессор, хууль зүйн ухааны доктор Хаянхярваагийн Сэлэнгэд “Монгол Улсын Гавьяат багш” хэмээх эрхэм хүндтэй цол гардууллаа.
Х.Сэлэнгэ нь 1959 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрж, 1976-1981 онд Зөвлөлт Холбоот Улсын Ташкентын Их Сургуульд суралцаж, 1986 оноос өдийг хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль, эрх зүйн салбарын хөгжил дэвшил, боловсон хүчин бэлтгэх үйлсэд тасралтгүй 36 жил ажиллажээ. Энэ хугацаанд тэр бээр, олон олон шавь нарыг эрх зүйн бакалавр, магистр, докторын боловсрол олгож, ганцаарчлан 11 сурах бичиг, монограф, 57 эрдэм шинжилгээний өгүүлэл, 33 олон улсын болоод үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал илтгэл хэлэлцүүлжээ. Дашрамд Х.Сэлэнгэ багшаараа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн үе үеийн төгсөгчид, оюутан залуус бахархаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гайхалтай түүхийн нэг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу.