2022 оны 12 дугаар сарын 1
МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН БАГ 21 ДЭХ УДААГИЙН ОЛОН УЛСЫН АРБИТР, БИЗНЕС ХЭЛЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН (INTERCOLLEGIATE NEGOTIATION COMPETITION)-Д ТЭРГҮҮН БАЙР ЭЗЛЭВ
2002 оноос хойш жил бүр олон улсын түвшинд зохион байгуулагдаж буй “Олон улсын арбитр, бизнес хэлэлцээний тэмцээн” (Intercollegiate Negotiation Competition) 21 дэх удаагаа 2022 оны 11 дүгээр сарын 19, 20-ний өдрүүдэд Япон улсын Токио хотноо зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээнд Япон улсын их, дээд сургуулиудаас гадна Сингапурын үндэсний их сургууль (National University of Singapore), Голланд улсын Тилбургийн их сургууль (Tilburg University), Бээжин Нормал их сургууль (Beijing Normal University), Индонезийн их сургууль (University of Indonesia), БНСУ-ын Солбридж олон улсын бизнесийн их сургууль (Solbridge International School of Business), Австрали улсын үндэсний шигшээ баг, Монгол Улсын Их Сургууль зэрэг нийт 8 улсын 44 баг оролцон англи болон япон хэлээр өрсөлдлөө.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг уг тэмцээнд 2017 оноос хойш 6 дэх жилдээ амжилттай оролцож, 2018 онд шагналт 7 дугаар байр, 2019 онд 8 дугаар байр тус тус эзэлж, 2020 онд япон хэлний хэлэлцээний төрөлд тэргүүн байр эзлэн “Япон хэл дээрх шилдэг хэлэлцээ” цомын эзэн болсон бол энэ жил англи хэлний арбитрын төрөлд тэргүүн байр эзлэн “Англи хэл дээрх шилдэг арбитр” (Best English Arbitration Award) цомын эзэн боллоо. Тодруулбал, англи хэл дээр оролцсон баг арбитрын шатанд хамгийн өндөр оноо авсан багаар шалгарч тэмцээний 5 гол шагналын нэг болох Мэргэшсэн Арбитарчдын Институтын нэрэмжит “Chartered Institute of Arbitrators (CIArb) Award for the Best Arbitration” хүртлээ.
Мэргэшсэн Арбитарчдын Институтын нэрэмжит “Англи хэл дээрх шилдэг арбитр” цом, өргөмжлөл
“Chartered Institute of Arbitrators (CIArb) Award for the Best Arbitration”
Тэмцээнд МУИС-н Хууль зүйн сургуулийг төлөөлөн эрх зүйн 5 дугаар түвшний оюутан Т.Лхагважаргал, Ү.Нандин, Ө.Намуунбаяр, Ч.Номин-эрдэнэ, У.Наранбуян; 4 дүгээр түвшний оюутан Б.Хүслэн, О.Буян-Ундрах, М.Халиунаа нар оролцов.
Оюутнуудыг дасгалжуулагч багшаар МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Б.Нинжин, багш Д.Ганхүрэл, Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн эрх зүйн мэргэжилтэн багш Накамура Ёшитака, зөвлөхөөр МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Э.Туулайхүү, Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Г.Давааням, УИХ-н даргын хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэг нар ажиллав.
МУИС-ийн ХЗС-ийн багийн авсан оноог дор оруулав.
“Олон улсын арбитр, бизнес хэлэлцээний тэмцээн” нь арилжааны чиглэлээр арбитрын хуралдаанд маргааны талуудыг төлөөлөх болон үр ашигтай хэлцэл хийхэд олон улсад өрсөлдөхүйц өндөр ур чадвар бүхий эрх зүйн мэргэжилтэн бэлтгэх зорилготой. Тэмцээний шүүгчдээр Японы болон олон улсын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид, олон улсад нэр хүнд бүхий их сургуулийн профессорууд, томоохон компаниудын удирдах албан тушаалтнуудын төлөөлөл ажилладаг. Тэмцээн нь арбитрын хуралдаан (arbitration) болон хэлэлцээ (negotiation) гэсэн хоёр хэсэгтэйгээр явагддаг бөгөөд арбитрын хуралдааны хэсэгт өмнө өгөгдсөн маргааны үйл баримт, түүнд холбогдох талуудын хооронд байгуулагдсан гэрээ, бусад нотлох баримт болон Олон улсын арилжааны гэрээний тухай UNIDROIT-ын зарчмыг ашиглан нэхэмжлэгч, хариуцагч талын өмгөөлөгчдийг төлөөлөн мэтгэлцэх бол хэлэлцээний хэсэгт компанийн эрх бүхий албан тушаалтны дүрээр хэлэлцээ хийж өрсөлддөг.
Тэмцээнд оролцсон баг
Англи хэл дээр өрсөлдсөн багийн гишүүд:
Япон хэл дээр өрсөлдсөн багийн гишүүд