Мэдээ мэдээлэл

ХУУЛИЙГ МУХАР СОХОРООР ШҮТЭЖ БОЛОХГҮЙ

2017 оны 02 сарын 02

ХУУЛИЙГ МУХАР СОХОРООР ШҮТЭЖ БОЛОХГҮЙ

Монгол Улсын гавъяат багш Шарын Цогтоогийн МУИС-ийн хуулийн сургуулийн их дээд, эчнээ ангийн 2017 оны төгсөгчдийн диплом гардуулах ёслолын ажиллагаан дээр хэлсэн үг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Юуны урьд хууль зүйн дээд боловсролын дипломаа гардан авч байгаа эрхэм хүндэт шавь Та нартаа баяр хүргэж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3-д заасан зүйл заалт ёсоор Та нар шиг хууль зүйн дээд боловсрол эзэмшсэн төгсөгчид мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажиллаад шүүгч, өмгөөлөгч, прокуророор томилогдох эрх чинь нээлттэй байгаа гэдгийг багш нь баяртайгаар хэлмээр байна.

Ер нь бол дээд боловсролын сэхээтэн та нар шиг улсууд Үндсэн хуулийн зөрчилтэй аливаа салбарын хуульд захирагдмал биш, бас эрх мэдэлтэн, албан тушаалтны хууль зөрчсөн дур зоргын шийдвэрийг дагаж мөрддөггүй, тэрчлэн Үндсэн хуульд харшилсан ямар ч хуулийг өөрчилж болдог ийм эрүүл нийгэмд амьдарч буй азтай хүмүүс гэдгээ хэзээ ч мартаж үл болно. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн маргаантай ч гэхэд хаашаа юм, нэг ойлгомжгүй заалтаас болоод “би хуульчийн сонгоны шалгалт өгч чадах болов уу, үгүй болов уу?” гэсэн ямар нэг эргэлзээ тээнэглэзээ, сэтгэлийн шаналалгүйгээр энэ сургуулийг та нар төгссөн байх ёстой.

Тэгвэл “өдөр”, “орой”, “эчнээ” гэж ангилагдах сургалтын байдаг л нэг уламжлалт зохион байгуулалтын хэлбэрээс болж тэр нь хуульч болж болно, тэр нь болохгүй гэж туйлшрууж ялгаварлах ямар ч зохицуулалт байж таарахгүйг “хууль зүйн дээд боловсролтой, мэрэгжилээрээ 3-аас доошгүй жил ажилласан, 25 нас хүрсэн, монгол улсын иргэнийг шүүгчээр томилж болно” хэмээн Үндсэн хуульд хоёрдмол утгагүйгээр баталгаажуулж өгсөн байна. Шүүгч хүн хууль зүйн дээд боловсрол эзэмшиж байж л шүүгч болдог. Тэгвэл та нар шүүгчтэй ав адилхан Үндсэн хуульд заасан хууль зүйн дээд боловсролын нэг л батламж, нэг л адил дипломтой.

Чиний энэхүү Үндсэн хуульд заасан эрхийг дагалдаж хуулийн байгууллагуудаас гадна УИХ, Засгийн газар, яам тамгын газар, компани корпорацийн аль ч салбарт мэргэжлээрээ ажиллах боломж, мөн энэ цаг минутаас эхлэн “би хуульч хүн”, “би хуулийн мэргэжилтэн хүн” гэж хэний ч өмнө ам бардам хэлж, МУИС-ийнхаа дипломыг гайхуулах эрх та нарын өмнө цэлийтэл нээгджээ.

 

Өөр нэгэн зүйл, Та бидний эзэмшсэн энэ хуульч мэргэжил их сайхан мэргэжил ээ. Харин биеэ тоох, атаархах, бялдуучлах, авилгад автах аюулаас ангид байж, энэ мэргэжлийн сүнс болсон шударга байх, үнэн-ийг олох л их хэцүү. Энэ бол хуульд бүхнийг даатгаж, хуулийг мухар сохороор шүтэж болохгүй гэсэн үг. Учир нь хуулийг янз бүрийн цаг үед янз бүрийн итгэл үнэмшил, янз бүрийн арга барилтай, магадгүй их хоцрогдсон, магадгүй их шинэлэг хүмүүс хийдэг, бас баталдаг ажгуу.

Нийгмийн амьдралыг, нийтийн дэг журмыг дан ганц хуулиар зохицуулдаг гэвэл үүн шиг том эндүүрэл үгүй билээ. Чиний толгой дээр, миний дээр хууль бий. Гэхдээ хуулийн цаана, хуулийн дээр а) ёс суртахууны хэм хэмжээ, б) Зан заншлын хэм хэмжээ, в) шашин сүсэг бишрэлийн норм норматив, г) Монгол Улс үндэстний түүх соёлын өв уламжлал гээд дээд эрэмбэтэй эрх зүйн эх сурвалж үйлчилж байдгийг мартаж болохгүй.

Ёс суртахуун, зан заншил, сүсэг бишрэл, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэн дагаж мөрдсөндөө хүмүүс хэзээ ч бухимдадаггүй, бас хэнч түүнийг ингээд тэгээд болохгүй байна, “өөрчилье”, “халъя” гэж гоншигондоггүй, цагийг нь болохоор зүгээр л нэмж баяжуулдаг. Заншлын хэм хэмжээ бол “би хүнийг зодно цохино, хуурна хулгайлна” гэж бодож болохгүй, харин ч бусдыг ээж шигээ хүндлэн дээдлэх ёстой гэсэн ухамсарыг хүний дотоод сэтгэхүйд нь хоногшуулсан байдаг. Өөрөөр хэлбэл хууль байсан ч байгаагүй ч, цагдаа байсан ч байгаагүй ч нүднээс далд зөв байх нь чухал хэмээх амьдралын аксиом буюу батлах шаардлагагүй үнэнд түүний агуу их хүч чадал, нууц ид шид оршдог бөлгөө.

Өөр нэгэн зүйл: Харин хууль хүний гадаад талд буюу албадлага дээр хэрэгждэг тул хүмүүст дарамт болдог. Учир нь тэр “хүмүүсийн нүдэн дээр ил цагаан газар бусдыг зодож дээрэмдэж, бас нийтийн ба хувийн өмчийг хулгайлж хумсалж болохгүй, тэгвэл хэрэгт орно, хэл аманд өртөнө” гэдэг философыг өөртөө агуулж байдаг сул талтай. Хуулийг дагаж мөрдөх явцад нэг хэсэг хүмүүс бухимддаг гомддог. Зарим нэг хэсэг нь завшдаг, хагартлаа баяждаг. Нэг хэсэг хүмүүс бүсээ тасартал таргалдаг, нөгөө хэсэг нь гэдсээ тасартал өлсдөг. Иймэрхүү үнэн, худал хоёр хуульч чиний, хуульч та нарын, ер нь шударга хүн бүрийн нүдэн дор, нүүрэн дээр чинь эрээлжлэн явагдах болно. Үүнээс аврагдах цорын ганц зам бол шударга зарчмыг туг сүлд болгож, үнэн мөнийг олох явдал гэдгийг байнга санаж байх хэрэгтэй.

 

Өөр нэгэн зүйл, Та нарыг хуулийн сургуулиараа, эрдэмтэн багш нараараа, бас анги хамт олон өөрсдөөрөө хичнээн сайхан бахархаж байгааг чинь харахад багшид нь өөрийн эрхгүй баярлах сэтгэл төрж байна. Манай сургууль бахархах үнэт зүйл олонтой сургуулиа. Багш нь урьд өмнөхийг нь больё, зөвхөн та нарын суралцаж байх үеийн буюу профессор Ж.Эрдэнэбулган гүйцэтгэх захирлын удирдлага зохицуулалтын явц дахь зарим нэг амжилтын ганц хоёрхон жишээг та нартайгаа хуваалцая гэж бодлоо. Үүнд:

-    Та нар бол Ардын багш, гавьяат хуульч Б.Чимид, алдарт эрдэмтэн ШУ-ны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл, гавьяат багш Т.Сэнгэдорж, профессор Ж.Бямбаа, профессор Т.Мөнхжаргал, профессор Д.Солонго, профессор Ц.Сарантуяа зэрэг манай домог болсон ахмад эрдэмтэн мэргэдийн өлгийдөн авсан шавь нар нь билээ.

-    Та нар бол УИХ, Ерөнхийлөгчийн институт, ҮХЦ, ШЕЗ, УДШ, УЕПГ-ыг удирдан манлайлж яваа энэ цаг үеийн толгой эрдэмтдийн гарын шавь нар шүү дээ.

Өөр нэгэн зүйл: Та нар бол саяхан төрийн ордонд болсон ОУЭШХурал дээр англиар, германаар, оросоор, японоор, солонгосоор илтгэл хэлэлцүүлж, асуулт хариулт хөтөлж, маргаан мэтгэлцээн өрнүүлэн дэлхийн том том сургуулийн алдар хүндтэй профессоруудыг дуу алдан гайхшруулахад хүргэсэн энэ улс орны ирээдүйг өнгөлж яваа манай залуу халаа эрдэмтэд болох доктор Ж.Эрдэнэбулган, доктор Ч.Өнөрбаяр, доктор Г.Банзрагч, доктор П.Одгэрэл, доктор Б.Тэмүүлэн, доктор Д.Баярсайхан, доктор Б.Баярсайхан, доктор А.Эрдэнэцогт, доктор Х.Сэлэнгэ, доктор Т.Мэндсайхан, доктор Б.Амарбаясгалан, доктор Ж.Эрхэсхулан, доктор Д.Бадам, доктор В.Оюумаа, доктор С.Болормаа, доктор Б.Амарсанаа, доктор С.Должин, доктор Д.Гангабаатар, доктор О.Мөнхсайхан, доктор А.Бямбажаргал, доктор Д.Янжинхорлоо нарын зэрэг алдар нэр нь улс орондоо цуурайтсан 50 гаруй эрдэмтэн багш нарын шалгалт, шүүлгийг амжилттай давж хууль зүйн ухааны бакалавар зэрэг хүртсэн хуульч мэргэжилтнүүд мөн буюу.

  • Та нар бол Ардын багш, гавьяат хуульч, хөдөлмөрийн баатар Б.Чимидийн нэрэмжит төр түмний дээд шагналд зүй ёсоор нэр дэвшиж өрсөлддөг судлаач багш нараар ном заалгасан, бас та нар УДШ-ийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тус сургуулиас 3 багш ороход гурвуулаа “1” номероор шалгаран тодорч байсан /ЭЭЗ-гээс Ж.Эрдэнэбулган, ИЭЗ-ээс Д.Энхзул, ЗЭЗ-ээс Г.Банзрагч нар/ шилдгийн шилдэг хуульч эрдэмтэдийн шавь нар мөн билээ.

             Хүн бахархах юмтай байх шиг сайхан зүйл хаана байхав. Бахархал өөрөө аз жаргалыг төрүүлдэг, бас хүн өөрийнхөө хийж буй үйлдэлд сэтгэл хангалуун байхын үндсийн үндэс болдог. Манай МУИС-ийн ХЗС-ийн энэхүү өөрчлөлт, шинэчлэлт Та нарт дандаа аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлийг авч ирж байх болтугай.

 Өөр нэгэн зүйл, хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш цоордоггүй гэж мэргэн үг бий. Зарим хүмүүсийг гайхахад, заримдаа бүр эргэцүүлэн бодоход хүргэдэг “төгсөлтийн шалгалт” хэмээх энэ тоглоомын дүрмийг эргэж хармаар байна. Энэ чинь үнэн хэрэг дээрээ улсын төсвөөр сурч байх үеийн “улсын шалгалт” гэх ойлголтын нэгэн хэв загвар юм биш үү.

Шавь нар минь та нар сурах гэж, энэ хуульч гэдэг мэргэжлийг олж авах гэж юу эсийг даван туулавдаа. Дарга даамлуудын чинь дарамт шахалт, тэрүүхэн тэндээ тээршээсэн сэтгэл муутай хүйтэн харц та нарт багадаагүй нь ойлгомжтой. Ар гэрийнхээ ачааг үүрч дүүрэх, эхнэр нөхөр, ах дүү, аав ээжийнхээ арга эвийг олох, гуйж царайчлах, багш нартаа буруу харагдахгүй байхыг хичээх гээд эрх чөлөөгөө “боймлуулсан” сайхан ч юм шиг, хэцүү ч юм шиг зүүд зэрэглээ шиг 4 жил ард хоцорч, та нар хуульч болцгоолоо, одоо урагш харцгаа, багш нь баяр хүргэж, амжилт хүсье /Энэ үгийг МУИС-ийн бүх салбар сургуулиудын их, дээд, эчнээ ангийн оюутнуудад зориулан хэлж байгаа гэж ойлгоорой/.

Бас энэ бүхний цаана амьдрал хайр дээр, амьдрал арга дээр, бас монгол газар нутаг дээр, мөн шинжлэх ухаан дээр тогтдог гэдгийг онгирч ойворгонтох бүртээ санаж байхад илүүдэх юун. Онгироо ойворгон зан бол монголчуудын түүхийн бүхий л үед дагалдсаар ирсэн гол алдаа дутагдал учир дайруулсхийгээд хэлчихлээ, та бүхэн цаашдаа болгоох буй за.

Эрхэм шавь Та нар хүний амьдралын тогтолцооны чухал төрөл хэлбэр болох хайр, арга, эх орон, шинжлэх ухаан гэх энэхүү хүн төрөлхтний агуу өв санг ямагт хүндэтгэн, бие биенээ хайрлаж, бие биендээ тусалж, бие биенээ өмөөрч хамгаалж, бие биенээ хүлээн зөвшөөрч, дэм дэмэндээ дээс эрчиндээ, байгаа байгаадаа сэтгэл хангалуун байж чадвал тэр чинь та нарын урагшлан давших хөдөлгөөн, ололт амжилтын оньсон түлхүүр байх болно.

Та нарын сургуулиараа, багш нараараа бахархах бахархал чинь сайн үйлсийг дэлгэрүүлсэн аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлийн эх сурвалж болж байх болтугай.

 

Монгол Улсын гавъяат багш, МУИС-ийн зөвлөх

профессор, хууль зүйн ухааны доктор

Шарын Цогтоо