Мэдээ мэдээлэл

Монгол Улсын их, дээд сургуулиуд хоорондын 8 дахь удаагийн “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээн”-ийг амжилттай зохион байгууллаа.

2022 оны 12 сарын 04

2022 оны 12 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Олон Улсын Улаан Загалмайн хороо, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран 8 дахь удаагийн Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Энэ жилийн тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Их Засаг олон улсын их сургууль, Шихихутуг их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль гэсэн 5 сургуулийн нийт 8 багийн 22 оюутан оролцов. Тэргүүн байрыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төлөөлөн оролцсон олон улсын эрх зүйн хөтөлбөрийн 5 дугаар түвшний оюутан Б.Ариунзаяа, эрх зүйн хөтөлбөрийн 4 дүгээр түвшний оюутан Э.Анударь, 3 дугаар түвшний оюутан А.Тэргэл нарын баг, дэд байрыг Их засаг олон улсын их сургуулийг төлөөлөн оролцсон 4 дүгээр ангийн оюутан О.Манлайбаатар, М.Амаржаргал нарын баг тус тус эзлэв.

Тэмцээний ялагч баг нь Монгол Улсаа төлөөлөн Хонконг-д бүсийн тэмцээн (Hong Kong Red Cross International Humanitarian Law Moot)-д оролцох эрхийг олж авдаг. Тэмцээн нь Олон Улсын Улаан Загалмайн хорооноос ирүүлсэн олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгт яллагдагч болон прокурорын талаас англи хэл дээр тайлбар бичин илгээж, мөн хоёр талын үүднээс ээлжлэн амаар мэтгэлцэх байдлаар явагддаг. 4 баг хагас шигшээ тоглолтод тунаж үлдэх ба үүний үндсэн дээр хагас шигшээ, шигшээ тоглолт өрнөж, үндэсний ялагчийг тодруулдаг.

Энэ жилийн тэмцээнд зохион байгуулагчдын зүгээс шүүгчээр 2 гадаад эрдэмтнийг, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн чиглэлийн манай улсын шилдэг сайн мэргэжилтнүүдийг урин оролцуулав. Шүүгчдийн бүрэлдэхүүнийг дор товч танилцуулъя.

  1. David W.Collier (Олон улсын Улаан загалмайн хороо)
  2. Jun Ki Lee (Олон улсын Улаан загалмайн хороо)
  3. Ч.Хосбаяр (Монгол Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн)
  4. Д.Нямбат (Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор)
  5. Б.Алтангэрэл (Дипломатч)
  6. А.Амармөрөн (Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн)
  7. Х.Дөлгөөн (Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн)
  8. А.Баярсайхан (Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын атташе)
  9. Т.Мөнх-Оргил (Энхийг дэмжих олон улсын судалгааны төв)
  10. Э.Буянхишиг (Энхийг дэмжих олон улсын судалгааны төв)
  11. А.Мандуул (Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын ахлах референт)
  12. Б.Улсболд (Snow Hill хуулийн фирмийн хуульч)