Мэдээ мэдээлэл

Арилжааны эрх зүйн сургалтын хаалтын ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа

2023 оны 01 сарын 23

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн санаачилгаар анх удаагаа өвлийн улиралд 3 кредит бүхий “Арилжааны эрх зүй”-н сургалт 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулагдсан билээ. Тус сургалтыг ХБНГУ-ын Байротын Их Сургуулийн Иргэний эрх, герман, европ, олон улсын компанийн болон хөрөнгийн зах зээлийн эрх зүйн эрдэм шинжилгээний туслах ажилтан Кристоф Вебер удирдаж явуулсан бөгөөд нийт 20 оюутан, төгсөгч хамрагдаж, амжилттай судалж дуусгалаа.

Уг “Арилжааны эрх зүй”-н сургалт нь 15 лекц, 4 семинараас бүрдсэн бөгөөд ХБНГУ-ын арилжааны эрх зүйн удиртгал, ойлголт, арилжаа хийх эрх бүхий этгээд, түүний хамгаалалтын талаарх эрх зүйн зохицуулалт, дампуурал, арилжааны талаарх бодлого бодох аргачлалын тухай зэрэг хөтөлбөрийн хүрээнд явагдсан ба сургалтын хаалтын ажиллагааг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа, Ханнс Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк нар үг хэлж эхлүүлж, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Улаанбаатар, Монгол Улс дахь ХБНГУ-ын элчин сайдын яамны хуулийн хэлтсийн ажилтан, хатагтай Hanna Labeit, Ханнс Зайделийн сангийн орчуулагч, төслийн менежер Б.Үнэнбаяр, төслийн менежер С.Бүжинлхам нар оролцов.

Мөн сургалтыг зохион байгуулахад ХБНГУ-ын Ханнс Зайделийн сан, Монгол Улсаас ХБНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын яам, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхим онцгойлон үүрэг гүйцэтгэж оролцсонд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийт багш, ажилтан, оюутнууд, төгсөгчдийн өмнөөс талархал илэрхийлж байна.