Мэдээ мэдээлэл

Тэтгэлэг гардуулах арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө

2023 оны 02 сарын 10

Монголын Улсын Их Сургууль болон МУИС-ийн Хууль зүйн сургууль нь уламжлал болгон жил бүр оюутнууддаа тэтгэлэг зарладаг билээ. Уг уламжлалын дагуу 2022-2023 оны хичээлийн жилийн тэтгэлгийг 12 сард зарлаж, МУИС-ийн нэрэмжит болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нэрэмжит тэтгэлэгт тус тус шалгарсан оюутнуудад батламж гардуулах арга хэмжээ 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 208 тоот танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус 2 тэтгэлэг нь ялгаатай үзүүлэлттэйгээр шалгарсан ба МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь Элсэлтийн ерөнхий шалгалтад 780 онооноос дээш оноо авсан, идэвх чармайлт гарган суралцсан, Монгол угсаатан элсэлтэд хамрагдсан гэсэн үндсэн 3-н үзүүлэлтийг шалгуур болгосон бол МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нэрэмжит тэтгэлэг нь сурлагын үзүүлэлт, нийгмийн идэвх чармайлттай байдал, гаргасан амжилт зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзсэн.

Энэ жилийн хувьд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нэрэмжит тэтгэлэгт бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн нийт 42 оюутан, МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийт 37 оюутан тус тус шалгарсан бөгөөд батламж гардуулах арга хэмжээнд нийт 70 гаруй оюутан оролцлоо.

Арга хэмжээг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа нээлтийн үгээр эхлүүлж, тэр бээр шалгарсан оюутнуудад “нэгдүгээрт, 2022-2023 оны хичээлийн жил нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийт багш, ажилтан, оюутнуудын хувьд ёс зүйн жил байх бөгөөд тус уриалгыг баримтлах, дагаж мөрдөх, ёс зүйгээрээ бусад бүхий л оюутнуудад үлгэр жишээ болж, тэднийг манлайлах учиртайг тайлбарлаж, захисан, хоёрдугаарт, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилгыг шинээр барих гэж байгаатай холбогдуулан өөр хичээлийн байранд хичээл ороход бэлтгэлтэй байх, барилгын үйл явцын талаар товч танилцууллаа. Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор М.Уянга шагнал гардуулахад оролцож, тэтгэлэг авсан нийт оюутнуудад баяр хүргэлээ.

Энэ хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль болоод МУИС-ийн оюутнуудад сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөж, чадварлаг, ёс зүйтэй байхыг захиж үлдээмээр байна.