Мэдээ мэдээлэл

Дашдэндэвийн Хуяг багш Төрийн одонгоор энгэрээ мялаалаа

2023 оны 03 сарын 16

   Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9  дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар зарлигаар XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хууль зүйн шинжлэх ухааны салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулсныг харгалзан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахмад багш Дашдэндэвийн Хуягийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа.
   Дашдэндэвийн Хуяг нь улсад 43, МУИС-д 22 жил ажилласан бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр буюу цэргийн баярын өмнөхөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа нь Төрийн одонг гардуулан өгч, хүлээн авах арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэрбээр, Монгол Улсын эрх зүйн шинжлэх ухаан, тэр тусмаа иргэний процессын эрх зүйн хөгжилд ихээхэн хувь нэмрийг оруулж, олон олон залуу багш нарт багш болох зөв үлгэр дуурайлал үзүүлж, тэдэнд хичээл орох арга барил, хандлагыг төлөвшүүлж байгааг дурдсан. Мөн үүнээс гадна МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд олон улсын томоохон тэмцээнүүдэд өндөр амжилт гаргаж байгаа нь ахмад багш нарын хичээл зүтгэл, идэвх сэтгэлтэй яах аргагүй холбоотой болохыг нийтэд сонордууллаа.
   Ийнхүү Д.Хуяг багшдаа цаашдын ажил хөдөлмөр, эрдэм шинжилгээний бүтээл, эрүүл мэнд, амьдралд хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.