Мэдээ мэдээлэл

“Үндсэн хууль болон захиргааны эрх зүйн орчин асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний IV хурал амжилттай зохион байгуулагдлаа

2023 оны 03 сарын 29

   МУИС-ийн Хууль зүйн сургууль нь жил бүр уламжлал болгон “Үндсэн хууль болон захиргааны эрх зүй”-н тулгамдаж буй асуудлын талаар олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг билээ. Тус хурлын нээлтийн үйл ажиллагааг эхлүүлж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа үг хэлэв. Тэрбээр, Японы Нагояагийн Их Сургууль, Нагояагийн Их Сургуулийн Азийн сателит кампус институт, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц, Монгол Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо, Ханнс-Зайделын сан, Азийн сан, Чимид сан, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, legaldata.mn хамтран зохион байгуулсанд талархал илэрхийлэхийн ялдамд бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлсэн хамтран ажиллагч байгууллагууд, хурлын илтгэгч, чиглүүлэгч, оролцож байгаа бүх оролцогчдодоо талархал илэрхийлж, амжилт хүслээ”.

   Уг эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн өргөн хүрээний асуудлаар жил тутам тодорхой сэдвийн хүрээнд илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх замаар нийтийн эрх зүйн шинжлэх ухааны хөгжилд болон шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд бий болсон эрх зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршдог билээ.

   Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэгчид Монгол, Япон, ХБНГУ, Канад, БНСУ, ОХУ, Унгар зэрэг орнуудын эрдэмтэн, судлаачдаас гадна УИХ, Засгийн газрын зарим гишүүд, зарим яам, агентлагийн удирдах болон гүйцэтгэх албан хаагчид, нийт 23 илтгэгчээс бүрдэж байгаа бөгөөд тэд англи, монгол хэл дээр илтгэлээ хэлэлцүүллээ.

   Хурлын үйл ажиллагааг Легалдата болон Монголын Хуульчдын холбооны цахим хуудсаар шууд дамжуулан олон нийтэд хүргэсэн тул уул хуудаснаас хурлын илтгэлүүдийг нөхөж үзэх боломжтой. Хуралд хэлэлцэгдсэн нийт илтгэлүүд нь эмхэтгэл болон хэвлэгдэж олон нийтийн хүртээл болох юм.