Мэдээ мэдээлэл

Онц бөгөөд Бүрэн эрхт элчин, хууль зүйн доктор Л.Хашбатын нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа

2023 оны 05 сарын 01

МУИС-ийн Хууль зүйн сургууль нь Онц бөгөөд Бүрэн эрхт элчин, хууль зүйн доктор Л.Хашбатын нэрэмжит олон улсын эрх зүйн чиглэлийн оюутны эрдэм шинжилгээний хурлыг англи хэл дээр 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Хурлыг нээж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа үг хэлэв.

Тус хурлыг Онц бөгөөд Бүрэн эрхт элчин, хууль зүйн доктор Л.Хашбатын гэр бүл 17 дахь жилдээ ивээн тэтгэж буй бөгөөд энэ жил Онц бөгөөд Бүрэн эрхт элчин, хууль зүйн доктор Л.Хашбатын гэр бүлийг төлөөлөн түүний охин, УИХ-ын гишүүн асан Х.Хулан хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэв.

Онц бөгөөд Бүрэн эрхт элчин, хууль зүйн доктор Лүдэвдоржийн Хашбатын тухай товчхон

Онц бөгөөд Бүрэн эрхт элчин, хууль зүйн доктор Лүдэвдоржийн Хашбат нь 1961 онд БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх ажлын хэсэгт ажиллаж байсны дээр олон тооны дипломат бага хуралд, тухайлбал 1969 оны Олон улсын гэрээний эрх зүйн Венийн конвенцын бага хуралд оролцож, эх орноо төлөөлөн гарын үсэг зуржээ. Мөн Шинэ Дели, Москва, Нью-Йорк, Лондон, Белград зэрэг дэлхийн олон нийслэл хот дахь БНМАУ-ын дипломат бие бүрэлдэхүүнд болон Югослав, Италид Элчин сайдаар ажиллаж байсан манай улсын тэргүүлэх дипломатуудын нэг юм. Тэрээр 1973 онд Москвагийн Дипломат академид “Монгол Улсын олон улсын эрх зүйн статус: Түүх, эрх зүйн асуудал” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаалсан. Л.Хашбат нь МУИС-т олон улсын эрх зүйн хичээлийг мэргэжлийн багшийн хувиар анхлан заасан ба 2006 онд насан эцэслэх хүртлээ багшилсан юм.”

Хурлыг энэ жил анх удаа англи хэл дээр зохион байгуулсан ба эхний шатанд шалгарсан 8 илтгэлийг олон улсын нийтийн эрх зүйн болон олон улсын хувийн эрх зүйн хэсэгт хуваан хурлаар хэлэлцүүлэв.    

Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдээс Тэргүүн байр 1, дэд болон гутгаар байрыг тус бүр  2 (олон улсын нийтийн эрх зүйн болон олон улсын хувийн эрх зүйн чиглэлийн тус бүр нэг)-ыг шалгаруулав. Шүүгчээр Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хорооны тэргүүн, Anderson & Anderson хуулийн фирмийн партнер Х.Наранбулаг, Grata International Mongolia хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, партнер В.Болормаа нар ажиллалаа.

Тэргүүн байрыг олон улсын эрх зүйн ангийн 3 дугаар түвшний оюутан А.Тэргэл “The Interpretation of Article 98(2) of the Rome Statute and its Impact on the International Criminal Court” илтгэлээр, дэд байрыг 3 дугаар түвшний оюутан С.Билэгт-Очир “Challenges with Invoking the Right to Self-Defense in international law/On the example of Russian-Ukrainian conflict/” илтгэлээр, 5 дугаар түвшний оюутан Б.Ариунзаяа “The Problematic Issue of Stabilization of the Investment Law” илтгэлээр, гутгаар байрыг 4 дүгээр түвшний оюутан Э.Амирлан, М.Мөнгөнзул нар “The Use of Nuclear Weapons in International Law and Mongolia’s status as a nuclear-weapons-free State” илтгэлээр, М.Амина, Г.Мягмарцэрэн нар “The Role of National Courts in Applying Ordre Public and Mandatory Rules in International Arbitration” илтгэлээр тус тус эзлэлээ.

Эхний 5 байрт шалгарсан оюутнуудыг өргөмжлөл, мөнгөн шагнал, ном, сэтгүүлээр урамшуулав. Мөн шүүгчээр ажилласан хуульч В.Болормаа нь Grata International Mongolia хуулийн фирмээс илгээсэн гарын бэлгийг оюутнуудад гардуулж, тус фирмд дадлага хийх боломжийн талаар танилцуулав.  

Хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Ж.Эрхэсхулан (Ph.D) ахлан, бүрэлдэхүүнд Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш М.Мөнхбат (LL.M), Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Б.Нинжин (Ph.D), Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Э.Туулайхүү (LL.M) нар ажиллав. Мөн зохион байгуулалтын ажилд Ц.Энхцэцэг багштай  МУИС-ийн English Speaking Club-ын оюутнууд туслав.

Хурал зохион байгуулагчид Л.Хашбат багшийн гэр бүлийн төлөөлөл, шүүгчид, оюутнуудын хамтаар

Хуралд илтгэл хэлэлцүүлсэн оюутнууд,  хамтран ажилласан Л.Хашбат багшийн гэр бүл, шүүгчдэдээ талархал илэрхийлье!