Мэдээ мэдээлэл

Олон улсын тэмцээнд оролцсон байдлыг дүгнэх, дэмжиж ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлэх арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

2023 оны 05 сарын 06

2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр МУИС-ийн хичээлийн 3Б байрны 101 тоот танхимд 2022-2023 оны хичээлийн жилд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оролцсон олон улсын шүүх, арбитрын мэтгэлцээний тэмцээний байдлыг дүгнэх, хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлэх арга хэмжээ зохион байгуулагдлаа. МУИС-ийн Хууль зүйн сургууль нь

 

2022-2023 оны хичээлийн жилд дараах олон улсын тэмцээнд оролцож, амжилт гаргасан. Үүнд:

  1. Олон улсын улаан загалмайн хорооноос БНХАУ-ын Хонг Конг хотноо зохион байгуулагдсан 21 дэх удаагийн “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээн”-ээс “Second Honorable Submission (Defendant)” шагнал,
  2. Япон Улсын Токио хотноо зохион байгуулагдсан 21 дэх удаагийн “Олон улсын арбитр, бизнес хэлэлцээний тэмцээн”-ээс “Англи хэл дээрх шилдэг арбитрын цом” шагнал,  
  3. Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо зохион байгуулагдсан 30 дахь удаагийн “Willem C.VIS-н нэрэмжит олон улсын арилжааны арбитрын шүүхийн мэтгэлцээний тэмцээн”-ээс “TEAMS SPIRIT SUBMISSION” шагнал,  
  4. АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан “Philip C.Jessup-н нэрэмжит олон улсын нийтийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээн - 2023”-д “BEST NEW TEAM” шагнал тус тус авсан

Тус арга хэмжээг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа нээлтийн үгээр эхлүүлсэн бөгөөд олон улсын тэмцээнд оролцоход санхүүгийн болоод бусад байдлаар туслалцаа үзүүлсэн нийт 75 байгууллагаас дараах онцлох хүмүүс хүрэлцэн ирж оролцлоо.

  • УИХ-ийн гишүүн Д.Цогтбаатар,
  • Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Д.Гангабаатар,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал,
  • Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, Ч.Хосбаяр,
  • Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр,
  • Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл,
  • Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ,
  • Нотариатчидын танхимын ерөнхийлөгч Ч.Баянжаргал,
  • Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Э.Ивкоф,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хууль зүйн бодлогын асуудал хариуцсан референт А.Мандуул,
  • МУЗН-ийн сайн дурын идэвхтний төвийн зохицуулагч О.Билгүүн,
  • Худалдаа аж үйлдвэрийн дэргэдэх Монголын олон улсын арбитрын дарга С.Энхцэцэг,
  • Худалдаа Хөгжлийн Банкны Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Л.Анхбаяр,
  • Өмгөөллийн “Snow Hill” ХХН-н гүйцэтгэх захирал Б.Нямцэрэн, “Ди Би энд Жи Ти Эс” ХХН-н гүйцэтгэх захирал Д.Золжаргал, “Монгол Өмгөөлөгч” ХХН-н гүйцэтгэх захирал З.Сүхбаатар, “ПрайсуотэрхаусКүүпэрс Легал” ХХН-н ахлах хуульч О.Мөнхнасан, “Melville Erdenedalai” ХХН-н ахлах хуульч С.Ундраа, “Grata International Mongolia” ХХН-н гүйцэтгэх захирал В.Болормаа, “Эл Би Партнерс” ХХН-н партнер Лим Тэ Сү
  • Хуульч Б.Өсөхбаяр нар урилгаар хүрэлцэн ирж оролцсон.

Энэ хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор М.Уянга, Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Ж.Эрхэсхулан, Хувийн зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Улаанбаатар нар ирсэн зочдод болон дасгалжуулагч багш нарт талархал гардуулав. Мөн дасгалжуулагч багш нар болох МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Уянга, Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, доктор Э.Байгал, ахлах багш, доктор Б.Нинжин, Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Э.Туулайхүү нар оролцсон тэмцээний талаарх туршлага, товч мэдээллийг зочдод англи хэл дээр болон монгол хэл дээр хүргэлээ.

Олон улсын тэмцээнд оролцсон оюутнуудыг төлөөлөн 5 дугаар түвшний оюутан Батжаргалын Ариунзаяа нь өдийг хүртэл зааж сургасан профессор, багш, олон улсын тэмцээнд оролцох боломж олгосон МУИС-ийн Хууль зүйн сургууль, олон төрлийн байдлаар тусалсан хамтран ажиллагч байгууллагууд, асран хамгаалагч гээд бүхий л хүмүүст талархал илэрхийллээ.

Урилгаар хүрэлцэн ирсэн бүх зочдодоо цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэхийн сацуу идэвх чармайлт гаргаж улс эх орныхоо нэрийг дурсгасан оюутнууддаа сурлагын өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.