2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эдийн засаг, бизнесийн эрх зүйн судалгааны төвийн санаачилгаар Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, Технологийн Их Сургууль, Монголын Чухал Ашигт Малтмалын Ассоциаци нар хамтран Уул уурхайн эрх зүй судлалын сан ТББ, Уур амьсгалын өөрчлөлт, Тогтвортой хөгжлийн судалгаа, хөгжлийн төв ТББ нарын дэмжлэгтэйгээр “Чухал ашигт малтмал: Монголын болон глобал чиг хандлага, бодлого, практик” сэдэвт эрдэс баялгийн эрх зүйн анхдугаар семинарыг зохион байгууллаа.
Тус семинарын зорилго нь “чухал” ашигт малтмалын өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлагын талаар хууль эрх зүй, геологи, уул уурхай, байгаль орчин, эдийн засаг, олон улсын харилцааны салбарын эрдэмтэн, судлаачид харилцан мэдээлэл солилцох, хэлэлцүүлэг өрнүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино.
Тус семинарыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа нээлтийн үгээр эхлүүлж, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор М.Уянга, Монголын Чухал Ашигт Малтмалын Ассоциацийн Ерөнхийлөгч М.Дагва, ШУТИС, ГУУТИС-ийн захирал, профессор, доктор К.Хавалболат, МГТИС-ийн ректор, профессор, доктор Б.Батцэнгэл нар илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд тулгамдаж буй зарим асуудлыг дурдаж, түүнийг шийдвэрлэх арга замын талаар өөрсдийн бодлоо хуваалцлаа.
Мөн уг семинар нь уул уурхайн орчны талаарх хууль тогтоомжийн асуудлыг хэлэлцүүлэхдээ хуульчдаас гадна уул уурхайн инженер, ШУТИС-н уул уурхайн салбарын хичээлийн багш гэх мэт салбарын мэргэшсэн хүмүүсийг оролцуулснаараа давуу талтай бөгөөд Монгол Улсад уул уурхайн салбар хурдацтай хөгжиж байгаатай холбоотойгоор үр дүнгээ өгөх болов уу хэмээн итгэж байна.