Мэдээ мэдээлэл

"Mock Trial-2023" шүүхийн мэтгэлцээний тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

2023 оны 06 сарын 06

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнуудын онолын мэдлэг, хууль хэрэглэх дадал, мэтгэлцэх чадварыг сорих, практик сургалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилго бүхий шүүхийн мэтгэлцээний "Mock Trial-2023" тэмцээнийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв болон тус сургуулийн харьяа илтгэх урлаг, парламентийн болон шүүхийн мэтгэлцээний Беркли клуб хамтран 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Сургуулийн аварга шалгаруулах шүүхийн мэтгэлцээний “Mock Trial-2023” тэмцээнд нийт 7 баг өрсөлдсөнөөс 1 дүгээр байрыг  "Dignity" баг, 2 дугаар байрыг  "Faith" баг, 3 дугаар байрыг "Polemic" багууд эзэллээ.

"Mock Trial-2023" тэмцээний шүүгчээр Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид болон мөн тус сургуулийн багш нар ажилласан бөгөөд тухайлбал Иргэний хэргийн шүүгчээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Э. Золзаяа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Болормаа, Хувийн эрх зүйн тэнхимийн багш Б.Баялагмаа, Захиргааны хэргийн шүүгчээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн гэрээт дэд профессор, доктор З.Сүхбаатар, Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Э.Мөнхдаваа, Эрүүгийн хэргийн шүүгчээр Практик сургалтын төвийн анхны эрхлэгч, ахмад багш Н.Туяа, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г. Ганбаатар, Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, доктор Т.Золбоо нар ажиллаа.

"Mock Trial-2023" тэмцээнийг шүүсэн эрхэм шүүгч, багш нар, тэмцээнд оролцсон бүх оюутнууд болон зохион байгуулалтын ажлын хэсэгт ажилласан оюутнууддаа талархал илэрхийлэхийн сацуу дараа жилүүдэд зохион байгуулагдах тэмцээнүүдэд оюутан бүр оролцох боломжтойг дуулгахад таатай байна.