ОРИГИЙН ЖАМБАЛДОРЖ
Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор, ахмад багш Оригийн Жамбалдорж ертөнцийн мөнх бусыг үзүүлэв. Талийгаач О.Жамбалдорж нь Өвөрхангай аймгийн Тарагт суманд мэндэлж, 1964 онд ЗХУ-ын Ленинградын Улсын их сургууль, 1978 онд ЗХУ-ын Нийгмийн ухааны академи, 1985 онд ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улс ардын аж ахуйн академийн удирдлагын дээд курсийг тус тус дүүргэжээ. О.Жамбалдорж нь 1964-1973 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Хуулийн хороонд зөвлөгч, 1973-1982 онд Шүүх яамны орлогч сайд, 1982-1990 онд сайдаар, 1993 оноос МУИС-ын Хууль зүйн сургуульд профессор багшаар ажиллаж байв. Тэрээр Монгол улсад хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, эрх зүйн боловсролыг шинэчлэх, дээд боловсролтой хуульч боловсон хүчнийг бэлтгэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэшсэн хуульч, ахмад эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч билээ.
О.Жамбалдорж нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимд багшлахдаа Иргэний эрх зүй, Нийгэм хангамжийн эрх зүй, Хөдөлмөрийн эрх зүй, Оюуны өмчийн эрх зүй сурах бичгүүдийг зохиож, магистрант, докторантуудыг удирдан хамгаалуулсны зэрэгцээ МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байв. Монгол улсын шинэ Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, тус улсын эрх зүйн шинэтгэлд дорвитой хувь нэмэр оруулсан, эрдэм шинжилгээ судалгааны арвин баялаг туршлагатай профессор багш нарын нэг байлаа. Талийгаачийн оюунлаг, хөдөлмөрч үлгэр дуурайлал, гэгээлэг үйлс нь олон зуун шавь, эрдмийн хамт олон бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.
Ум сайн амгалан болтугай.