МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Бүгд Найрамдах Франц улсын Парис-Пантеон Ассас Их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Бүгд Найрамдах Франц улсын Парис-Пантеон Ассас Их сургуулийн ерөнхийлөгч, нийтийн эрх зүйн түүхийн дэд профессор, Монакогийн Хант Улсын дээд шүүхийн ерөнхийлөгч Стэфан Браконниер болон тус сургуулийн олон улсын хэрэг хариуцсан дэд ерөнхийлөгч, эрх зүйн түүхийн дэд профессор Эммануэль Шевро нар 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсад айлчилж, МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаанд МУИС-ийн ректор, Ардын багш, Профессор Д.Бадарч, Бүгд Найрамдах Франц улсын Элчин сайдын яамны Эрчим хүч, уур амьсгал, байгаль орчин хариуцсан атташе Солен Заяа Демарс, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Европын газрын дэд захирал Б.Биндэръяа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд профессор М.Уянга, Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Б.Улаанбаатар, Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Ж.Эрхэсхулан, Практик сургалтын төвийн эрхлэгч, дэд профессор С.Болормаа, Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, доктор Т.Золбоо, Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, доктор Б.Нинжин, Практик сургалтын төвийн багш Н.Энхцэцэг, Парис-Пантеон-Ассас болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгч, хуульч С.Баяржаргал нар оролцов.
Тус арга хэмжээний үеэр Бүгд Найрамдах Франц улсын Парис-Пантеон Ассас Их сургуулийн ерөнхийлөгч, нийтийн эрх зүйн түүхийн дэд профессор, Монакогийн Хант Улсын дээд шүүхийн ерөнхийлөгч Стэфан Браконниер хэлсэн үгэндээ “Манай Парис-Пантеон Ассас Их сургууль нь 15-р зуунд байгуулагдсан, Бүгд Найрамдах Франц улсын анхны хуулийн их сургууль бөгөөд Дундад азийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаад туйлын таатай байна” гэж онцлон тэмдэглэв.
МУИС-ийн Хууль зүйн сургууль Бүгд Найрамдах Франц улсын Парис-Пантеон Ассас Их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахад туслалцаа үзүүлсэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд У.Нямхүү, Элчин сайдын яамны ажилтан Б.Булгамаа болон БНФУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газар, Европын газар, МУИС-ийн Ректорын ажлын албаны Гадаад хамтын ажиллагааны хэлтэст талархсанаа илэрхийлье.