Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газартай хамтран сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, оюутны хөгжлийг дэмжих зорилготойгоор 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.
Санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа (LL.D), Монгол Улсын Их сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Болормаа, Улсын дээд шүүхийн шүүгч, доктор Ц.Цогт (LL.D), Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Эрдэнэчимэг (Ph.D), Улсын дээд шүүхийн Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Д.Тулга, Тамгын газрын Ерөнхий шүүгчийн ажлын албаны даргыг түр орлон гүйцэтгэгч Г.Баттуяа, Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн Н.Басан нар оролцов.
Тус арга хэмжээний үеэр Улсын дээд шүүхийн шүүгч нар салбар эрх зүйн мэргэшсэн чиглэлээр хичээл заах, Улсын дээд шүүхийн шүүгч болон Монгол Улсын Их сургуулийн багш нар харилцан зочилж, илтгэл танилцуулга хийх, эрдэм шинжилгээний хурал, семинар хамтран зохион байгуулах, тус сургуулиас зохион байгуулж буй илтгэл, эрдэм шинжилгээний хурал, тэмцээнд Улсын дээд шүүхийн шүүгчийг шүүгчээр оролцуулах, ном судалгааны ажил солилцох, хандивлах, цахим номын фондыг баяжуулах, шинэ номын танилцуулга хамтран хийх, шүүхийн захиргааны ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулах, тус сургуулийн практик сургалтын төвтэй хамтран хэргийн судалгаа танилцуулга, хэлэлцүүлэг хийх, оюутны хийсэн судалгаанд шүүгчийн судлаач туслахуудаар зөвлөгөө өгүүлэх, тус сургуулийн оюутны клубтэй хамтран “Улсын дээд шүүхтэй танилцах хөтөлбөр” хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр