МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН БАГ АЗИ КАП ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОВ.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг (эрх зүйн 4 дүгээр түвшний оюутан С.Түмэнхүслэн, Б.Энгүүн, эрх зүйн 5 дугаар түвшний оюутан Э.Мөнхболор, Э.Эрдэнэбат) Ази Кап олон улсын эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээний 2 дугаар шатанд шалгаран оролцлоо. Тэмцээний энэ шат 2024 оны 8 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотод зохион байгуулагдав.
Оюутнууд багшийн хамтаар
1999 оноос хойш зохион байгуулагдаж буй “Ази Кап/Asia Cup” олон улсын эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээн нь Азийн шилдэг их сургуулиуд оролцдог олон улсын эрх зүйн чиглэлийн бүс нутгийн томоохон тэмцээнүүдийн нэг юм. Азид “Эрх зүйт ёс”(Rule of Law)-ыг тогтооход хувь нэмэр оруулах уриатай тус тэмцээн нь бүс нутгийн оюутнуудын олон улсын эрх зүйн кэйст нэхэмжлэгч, хариуцагчийн үүднээс үндэслэл бүхий бичгэн тайлбар бичих, үүний дагуу шүүх хуралдаан дээр амаар мэтгэлцэн талуудын байр суурийг хамгаалах ур чадварыг хөгжүүлэх замаар салбарын шилдэг мэргэжилтэн бэлтгэхэд дэм болох зорилготой. Уг тэмцээний зохион байгуулагчаар Япон Улсын Гадаад харилцааны яам, Японы Олон улсын эрх зүйн холбоо ажилладаг.
Энэ жил эхний шатанд нийт 66 баг бичгэн тайлбар (memorial and counter-memorial) илгээснээс 16 баг дараагийн шатанд шалгарсны нэг нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг юм.
2 дугаар шатанд Сингапур, Филлиппин, Тайланд, Малайз, Вьетнам, Индонез, Камбож, Япон, Солонгос, Узбекистан, Монгол, Бангладеш, Непал, Энэтхэг, Хонконг гэсэн 16 орны баг шалгаран оролцов. Энэ шатанд нэхэмжлэгчийн талаас МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг Узбекистаны Ташкентийн улсын их сургуулийн багтай, хариуцагчийн талаас Тайландын Тамасаттын их сургуулийн багтай тус тус тоглов.