ЛЭГЦЭГИЙН БААСАН (1944-2024)
Монгол Улсын эрх зүйн боловсролын ба хууль зүйн шинжлэх ухаан, хуулийн байгууллагын зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч Лэгцэгийн Баасан өвчний учир ертөнцийн мөнх бусыг үзүүлэв.
Талийгаач Л.Баасан Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн, Алтай хотын ерөнхий боловсролын дунд сургууль төгсөж, улмаар МУИС-д хууль зүйн дээд боловсрол эзэмшжээ.
Монголын эрх зүйн боловсролын нэрд гарсан профессор Л.Баасан МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, Улсын Бага Хурлын дэргэдэх Төр нийгэм судлалын Академид төвийн эрхлэгч, Отгонтэнгэр их сургуульд тэнхимийн эрхлэгч, дэд захирлаар олон арван жил үр бүтээлтэй ажиллаж, үе үеийн дээд боловсролтой эрх зүйчдийг сурган бэлтгэх үйлсэд бие хайргүй хүчин зүтгэж, сэтгэл зүрхээ зориулсан, шавь нарынхаа хайр хүндлэлийг хүлээсэн нэрт багш сурган хүмүүжүүлэгч байлаа.
Профессор Л.Баасан монголын хууль зүй судлалын нэрд гарсан эрдэмтдийн нэг байв. Тэрээр 1995 онд “Хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэх эрх зүйн асуудлууд” сэдвээр хууль зүйн ухааны дэд эрдэмтний, 1999 онд “Хөдөлмөрийн гэрээний онол практикийн асуудал” сэдвээр хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Хууль зүйн шинжлэх ухаан доктор Л.Баасан ялангуяа Монгол Улсын хөдөлмөрийн эрх зүйн асуудлаар олон дорвитой бүтээл туурвиж, хөдөлмөрийн хууль тогтоомжийг төгөлдөржүүлэхэд биечилсэн хувь нэмэр оруулж, энэ чиглэлийн багш ба эрдэмтэн шавь нарыг төрүүлэхэд өөрийнхөө эрдэм мэдлэг, туршлагыг сэтгэл харамгүй зориулсан юм. Тэрээр хууль зүйн докторын хамгаалуулах эрдмийн зөвлөлийн гишүүнээр он удаан жил ажиллаж, олон арван эрдэмтдийг бэлтгэх үйлсэд их хувь нэмэр оруулсан билээ.
Эрдэмтэн Л.Баасан монголын хуулийн байгууллагын зүтгэлтэн байлаа. Талийгаач Өвөрхангай аймгийн прокурорт чухал хэргийн мөрдөн байцаагч, аймгийн Прокурорын туслах, Говь-Алтай аймгийн Прокурорын орлогч зэрэг албан тушаалыг орон нутагт, 1984-1990 онд Улсын дээд шүүхийн гишүүний албан тушаалыг шударга, хариуцлагатай, мэдлэг чадвартай гүйцэтгэж байв.
Талийгаач Л.Баасан 1992 оны Үндсэн хуулийг хэрэгжүүлэх баталгаа болсон Үндсэн хуулийн Цэцийн анхны есөн гишүүний нэгээр сонгогдож, 1992-1998 онд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг магадлан шийдвэрлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулжээ.
Эрдэмтэн Л.Баасан Монголын Өмгөөлөгчдийн болон Хуульчдын Холбооны гишүүн, Монгол Улсын гадаад худалдааны орон тооны бус арбитрчаар олон арван жил ажиллахдаа хувь хүмүүс, байгууллага, аж ахуйн нэгжийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шударга ёс ба бодит үнэнийг тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Талийгаачийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Монгол Улсын гавьяат хуульч цол, Алтан гадас одон зэрэг төрийн дээд шагнал хүртээжээ.
Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч Лэгцэгийн Баасангийн шулуун шударга, хүнлэг, ажилсаг хөдөлмөрч зан чанар, гэгээн дүр, бүтээл туурвил нь монголын эрх зүйн боловсрол, хууль зүйн шинжлэх ухаан, хуулийн байгууллагуудын түүхэнд мөнхөд үлдэх болно.
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ
2024.09.20